Дэлхийн нефтийн эрэлт нэмэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2019-11-13 11:40:33

МОСКВА. /RIA Novosti/. Дэлхийн нефтийн эрэлт 2025 он гэхэд 2018 оныхтой харьцуулахад 6.8 хувиар нэмэгдэж, хоногт 103.5 сая торход хүрэх төлөвтэй байгаа тухай Олон улсын эрчим хүчний агентлагаас /ОУЭХА, IEA/ жил бүр гаргадаг Дэлхийн эрчим хүчний төлөв байдлын тухай урьдчилсан таамагт дурджээ. 


Өнгөрсөн жилийн урьдчилсан таамгаас үзвэл, 2025 он гэхэд эрэлт хоногт 102.4 сая торх болж нэмэгдэхээр байв. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, 2040 он гэхэд нефтийн эрэлт 9.8 хувиар өсөж, хоногт 106.4 сая торх болох төлөвтэй байгаа аж. Хөгжиж буй орнуудад нефтийн эрэлтийн жилийн өсөлт хоногт 900 мянган торх болох төлөвтэй байна.


ОХУ-д нефтийн эрэлт 2025 онд гэхэд 2018 оны 3.2 сая торхоос 3.4 сая торх болж нэмэгдэх бол 2025-2030 онд эрэлт хоногт 3.4 сая торх байх бөгөөд 2035 оноос хоногт 3.3 сая торх болж буурна гэж ОУЭХА-ийн шинжээчид урьдчилан таамаглажээ. 


Харин АНУ-д нефтийн эрэлт багасах төлөвтэй байна. Тус улсад 2025 он гэхэд нефтийн эрэлт хоногт 18.4 сая торх болж багасах бол 2030 онд хоногт 17.4 сая торход хүрч, 2040 он гэхэд хоногт 15.1 сая торх болж багасна.



Холбоотой мэдээ