Лаборатори сургууль нээлтээ хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн
Баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Баастын нэрэмжит
Өлгий сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль лаборатори сургууль болж
үйл ажиллагаа явуулж эхэллээ.
БСШУС-ын сайдын 2018 оны А/830 тоот тушаалаар Баян-Өлгий
аймгийн монгол хэлний хичээлийн чанарыг дээшлүүлэх зорилгоор тус сургуулийг салбарын
яамны харьяа лаборатори сургууль болгох шийдвэр гаргасан аж. Тус шийдвэрийн дагуу лаборатори сургуулийн
албан ёсны нээлтийг энэ сарын 9-ний өдөр хийлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд урилгаар аймгийн Засаг
дарга А.Гылымхан, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Х.Зауре,
аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан болон эцэг эхийн төлөөллүүд, багш, сурагчид оролцлоо.
Өлгий сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль
нь лаборатори сургууль болсноор казах хүүхдэд монгол хэл сургах арга зүйн
шинэчлэл хийх, аргачлал судлах, турших, шинэ арга зүй эрж хайх судалгаа
шинжилгээ хийх, тохирох арга зүйг түгээн дэлгэрүүлэх, монгол хэл яриа хөгжүүлэх
ярианы клубүүд нээх зэрэг ажлыг хийх ажээ.