Сумдын төрийн албан хаагчдын нөхөрсөг тэмцээн эхэллээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-11-09 11:42:01

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын газрын мэргэжилтэн албан хаагчдын дунд зохион байгуулдаг Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэрэмжит спортын нөхөрсөг тэмцээн энэ сарын 8-ны өдөр эхэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 05 тоот тогтоолыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдын дунд нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, бие бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажлын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах гэсэн нэгдмэл зорилго дор болдог эл тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил нээж тамирчдад амжилт хүслээ. Нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг дарга Ш.Оргил, Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа болон аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, баг тамирчид оролцлоо.

Уг тэмцээний хүрээнд Сэлэнгэ аймгийн 17 сумын төрийн албан хаагчид сагс, волейбол, ширээний теннис, олс таталт, шатар, усан спорт, ажлын байрны дасгал гэсэн спортын 7 төрлөөр өрсөлдөж, авхаалж самбаа, хурд хүчээ сорих юм. Энэ жилийн тэмцээнд усан спорт, ажлын байрны дасгал гэсэн хоёр төрөл нэмэгдсэн нь өмнөх жилийнхээс онцлогтой байлаа. Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй эл нөхөрсөг тэмцээний аваргууд энэ сарын 10-ны өдөр тодрох юм. 



Холбоотой мэдээ