ХХААХҮ-ийн сайдын төсвийг 78.7 хувиар нэмжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын чуулганы өнгөрсөн сарын 17-ны ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр бүх байнгын хороодод шилжүүлсэн. Хуулийн дагуу төсвийн төслийг УИХ-ын бүх байнгын хороод харьяалах байгууллагуудынхаа төсвийг хэлэлцдэг. Энэ дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо харьяалах байгууллагуудынхаа төсвийг хэлэлцсэн юм.
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, "ХХААХҮ-ийн сайдын багцын нийт зардал 2020 оны төсвийн төсөлд 186.6 тэрбум төгрөг тусгасан нь 2018 оны гүйцэтгэлээс 8.1 хувиар буюу 14.1 тэрбум төгрөгөөр, 2019 оны батлагдсан төсвөөс 82.2 тэрбум төгрөгөөр буюу 78.7 хувиар өссөн үзүүлэлт. БОАЖ-ын сайдын багцын нийт зардал 2020 онд 175.2 тэрбум төгрөгөөр төсөвлөсан. Энэ нь 2019 оныхоос 22.7 хувиар буюу 32.4 тэрбум төгрөгөөр өссөн байна" хэмээв.
Танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолд Ботаникийн цэцэрлэгийг тохижуулах, байгалийн ургамлын үндэсний генобанканд шаардлагатай барилгыг барих нэг тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргахаар баталсан. Гэвч уг ажлыг төсөвт тусгаагүй байна хэмээн шүүмжлэв. Тэрбээр, Ботаникийн цэцэрлэгийн тохижилтод зориулж нэг тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргах зарчмын зөрүүтэй санал гаргасныг гишүүд дэмжлээ. Ийнхүү байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.