Алслагдсан багийн сурагчдын сурах, хөгжих, амьдрах таатай орчин бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-04 20:33:44

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн Дотуур байр 11 дүгээр сарын 04-нд ашиглалтад оров.
Энэхүү дотуур байр дэргэдээ 150 хүүхдийн суудалтай урлагийн заал, 1350 м.кв талбай бүхий спортын талбайтай аж.

Аймгийн төвийн сургуулиудаас анх удаа алслагдсан багийн сурагчдын сурах, хөгжих, амьдрах таатай орчин бүрдүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт хийснээр Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургууль шинэ дотуур байртай болсон нь энэ юм. Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 120 хүүхдийн дотуур байрны барилгын ажлыг улсын төсвийн 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Гранд пасикал" ХХК-ийн хамт олон гүйцэтгэжээ.
7 дугаар сургууль нь Ховд аймгийн Засаг даргын 2011 оны 7 дугаар сарын 18 өдрийн А/164 тоот захирамжаар Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, анх 23 бүлэгт 679 сурагч, 66 багш ажилтантай сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэлсэн.

Харин энэ хичээлийн жилд 100 гаруй багш ажилтантай, 1250 сурагчтай үйл ажиллагаа явуулж байна. Нийт сурагчдын 50-60 орчим хувь нь малчин өрхийн хүүхэд аж. Сурагчдын дийлэнх нь айлд эсвэл эцэг эх, асран хамгаалагчийн хамт айлын хашаанд гэр барьж амьдарч ирсэн. Цаашид Жаргалант сумын хамгийн алслагдсан баг болон хөдөөгийн малчин өрхийн хүүхдүүд эрүүл, аюулгүй, шинэлэг орчинд сурч, хөгжих  боломж бүрдлээ. 

 

Холбоотой мэдээ