АСЕАН-ы удирдагчдын дийлэнх нь АНУ-тай хийх уулзалтад оролцсонгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАНГКОК. /RIA Novosti/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбооны /АСЕАН/ гишүүн арван орны долоогийнх нь удирдагчид АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалтад оролцоогүй байна.
АСЕАН-АНУ-ын дээд хэмжээний уулзалтад ердөө гурван улсын удирдагч оролцсон нь Тайланд, /АСЕАН-ыг энэ жил даргалж байгаа/, Вьетнам болон Лаосын Ерөнхий сайд нар аж. Тус холбооны үлдсэн гишүүн улс болох Сингапур, Малайз, Индонез, Бруней, Камбож, Мьянмар болон Филиппинийг Гадаад хэргийн сайд нар нь төлөөлжээ. "Энэ шийдвэр нь АНУ-ын төлөөлөгчдийн түвшин буурсантай холбоотой" гэж Филиппиний Сангийн сайд Карлос Домингес сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэлсэн байна. Вашингтон энэ удаад АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтад оролцох төлөөлөгчдийнхөө түвшнийг эрс бууруулж, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Роберт О'Брайен, Худалдааны сайд Вилбур Росс нарыг Бангкокт илгээжээ.
Бүс нутгийн ажиглагчдын хэлснээр, АСЕАН-ы хурлуудад оролцох төлөөлөгчдийн түвшнийг ийнхүү бууруулсан нь АНУ-ын хувьд ердийн тохиолдол биш ажээ.