АТГ-ын ажлын хэсэг Дундговь аймагт ажиллалаа

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-10-31 16:15:12
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. АТГ-ын Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссор Ц.Шинэбаяраар ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 30-нд Дундговь аймагт ажиллаж, “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг” зохион байгууллаа.

АТГ, Дундговь аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан энэхүү үйл ажиллагаа нь Авилгатай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, АТГ-ын хуулиар хүлээсэн чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулах, авлигаас урьдчилан сэргийлэх, иргэдийн дуу хоолойг сонсох зорилготой ажээ.  

Өдөрлөгийн хүрээнд төрийн албан хаагч, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт хийж, “Олон нийтийн хяналт ба шударга ёс” иргэдийн уулзалтыг зохион байгуулжээ.

Сургалтад 320 гаруй төрийн албан хаагч оролцсон бол иргэдтэй хийсэн уулзалтад 200 гаруй хүн оролцсон байна.

Уулзалтын үеэр иргэд өөрсдийн санал хүсэлтийг илэрхийлж, сонирхсон асуултаа асууж хариулт авсан бөгөөд АТГ-т санал хүсэлт, мэдээллээ хэрхэн өгч байх талаар ойлголттой болжээ. 

Холбоотой мэдээ