Палестинд "Kinder" шоколадыг худалдахыг хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-04-14 12:27:58

ИСЛАМАБАД. /Albawaba/. Европын алдартай “Kinder” шоколаднаас согтууруулах төрлийн бодис илэрсэн тул Иордан голын Баруун эрэгт уг бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглосон байна.

“Kinder” шоколадны орцод 0.8 хувийн согтууруулах төрлийн бодис илэрсэн учир дэлгүүрүүдэд байгаа бүх ийм төрлийн шоколадыг хураасан гэж Палестины Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Ибрагим аль-Кади мэдэгдэв.

Палестинд “Kinder” шоколадыг хориглосон бөгөөд энэ асуудлыг компани анхааралдаа авч, хариуцлагаа хүлээх хэрэгтэй гэж тэрбээр сануулав. “Kinder” шоколадын тухай энэ мэдээллийг Палестины “pal24.net” болон Иорданы “Khaberni” цахим хуудсанд нийтэлжээ.

"Иордан голын Баруун эрэгт манай бүтээгдэхүүнийг хориглосонд ихэд гайхаж байна. Палестин дахь манай баталгаат харилцагчид ямар ч согтууруулах төрлийн бодис агуулаагүй “Kinder Joy”, “Kinder Chocolate”, “Kinder Chocolate Maxi”, “Kinder Bueno”, “Kinder Bueno White”, “Kinder Country” зэрэг бүтээгдэхүүнийг борлуулдаг. Энэ асуудлыг тухайн бүс нутгийн борлуулагчдаар дамжуулан шалгаж байна" гэж “Kinder” компанийн хэвлэлийн төлөөлөгч Жоржина Коллинз мэдэгдсэн байна.

Тус компанийн “Kinder Surprise egg” гэх бүтээгдэхүүнийг АНУ-д хэдэн арван жилийн өмнөөс хориглосон байна. Учир нь Киндер-ийн өндгөн шоколад нь дотроо тоглоомтой байдаг нь “тэжээллэг бус” зүйлс агуулсан хоол хүнсийг хориглох тухай Их хямралын үеийн хуулийг зөрчсөн явдал гэнэ.

Д.Нямтулга

 

 

Холбоотой мэдээ