Хөдөлмөрийн баатар хоньчин С.Цогтгэрэлийн хөшөөний нээлт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 12:10:34

Ховд аймгийн Дарви сумын харьяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт хоньчин С.Цогтгэрэлийн хөшөөг Дарви сумын ахлах сургуулийн өмнөх талбайд босголоо.

Тус сургуулийг 2008 онд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт алдарт хоньчин С.Цогтгэрэлийн нэрэмжит болгосон билээ.

Дарви сумын ахлах сургууль нь 90 жилийн ойгоо энэ онд тэмдэглэн өнгөрүүлэхээр олон ажил төлөвлөн хийж байгаагийн нэг  Баатар хоньчны нэрэмжит хөшөөг босгож  түүний хөдөлмөр тэмцлийн түүхийг хойч үед өвлүүлэн, таниулах ажил юм .

Түүний хөшөөг Дарви сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс 42 сая төгрөгийн өртөгтэй хийж гүйцэтгэсэн байна.

Хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнх аймаг орон нутгаа төлөөлөн оролцож талархал дэвшүүлж, Дарви сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга н.Баатар, Ховд аймгийн Дарви сумын нутгийн зөвлөлийнхөн, тус сумын харьяат гавьяатууд, хамт ажиллаж байсан төлөөллүүд, С.Цогтгэрэл гуайн ах дүүс, үр хүүхдүүд, нутгийн иргэд оролцлоо.

Энэ түүхэн үйл явдлын  үеэр жил болгон уламжлал болгон зохион байгуулагддаг “Нутгийн эрдэмтдийн залгамж халаа” олимпиадыг философи, нийгмийн ухааны доктор Г.Чулуунбаатарын нэрэмжит болгон зохион байгуулж аваргуудаа шалгаруулсан байна. Уг олимпиадыг философи, нийгмийн ухааны доктор Г.Чулуунбаатар өөрийн биеэр ирж зохион байгуулж шагналыг гардууллаа.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ