А.Торрес: Гүнийн уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-10-24 14:24:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Оюутолгой” ХХК-ийн үйлдвэрлэлийн гуравдугаар улирлын дүнгээр олборлолт болон үйлдвэрлэл өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй байна.

Тодруулбал, өнгөрсөн хугацаанд 28.4 мянган тонн зэс олборложээ. Үүнийг өмнөх оны мөн улиралынхтай харьцуулахад 27.8 хувиар бага байна. Мөн 25.6 мянган унци алт олборлосон нь 66.8 хувиар бага, боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар илүү байгаа ч өмнөх улирлынхаас 3.4 хувиар, үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 27.2 хувиар буурчээ.

 “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес энэ бүхнийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, олборлож буй баяжмалын агуулга, хатуулагтай холбож байна. Жишээ нь, зэсийн агуулга өнгөрсөн улиралд 0.46 байсан бол тайлант улиралд 0.37, алтны агуулга 0.31 байсан бол 0.14 болжээ. Үйлдвэрлэсэн баяжмал дахь алтны хэмжээ өмнөх улирлынхаас 64.3 хувиар буурчээ.

Тэрээр, улирлын үйл ажиллагааны гүйцэтгэл сайн байсан ч баяжуулах үйлдвэр түр хугацаагаар зогссон болон төлөвлөгөөт засвар үйлчилгээг нааш нь шилжүүлсэн болон олборлолтын 4B үе шатны хатуулаг өндөртэй хүдрийг төлөвлөснөөс илүү ашигласан зэрэг нь нөлөөлсөн. Гэхдээ тус компани энэ оны зэс, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэхээр ажиллаж байна гэв.


2019 оны эхний 3 улирлын байдлаар баяжмал дахь зэс 113 мянга 400 тонн, баяжмал дахь алт 217 мянга 500 унци олборлосон бөгөөд энэ онд 125-155 мянган тонн баяжмал дахь зэс, 230 мянган унци хүртэлх баяжмал дахь алт олборлох үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байгаа аж.


Энэ оны зэс, алтны үйлдвэрлэлийн төлөвлөгөөг биелүүлэхээр ажиллаж байна


Гүний уурхайн байгууламжийн талаарх асуултад “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес хариулахдаа, Гүний уурхайн бүтээн байгуулалт тасралтгүй үргэлжилж, есдүгээр сард нийт 1385 метр хөндлөн малталт хийсэн. Одоогийн ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нэмэлт нарийвчилсан мэдээллээс тодорхой байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон. Гүний уурхайн төслийг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээг тодорхой болсон үед мэдээлнэ гэв.


Тайлант хугацаанд буюу энэ оны эхний 3 улиралд 764 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 524 нь үндэсний компани бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтын 76 хувийг эдгээр компанид зарцуулжээ. Энэ хугацаанд Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 523 сая ам.доллар зарцуулсан байна. Мөн ирэх гурван жилд олон улсын стандартын шаардлага хангасан хөдөлмөр хамгааллын гутлыг дотоодоосоо худалдан авахаар гутлын үндэсний үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий ханган нийлүүлэлтийн гэрээ байгуулаад буйг мэдээллээ.

Өмнөговь аймгийн Манлай суманд Оюу толгойн уурхайд баяжмалын уут болон нэг удаагийн хамгаалалтын хувцас нийлүүлэх хоёр үйлдвэр нээлтээ хийснээр тус суманд нийт 64 ажлын байр шинээр бий болгосон гэв.

Холбоотой мэдээ