М. Шарапова Олимпод оролцох боломжтой гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-04-13 17:12:13

МОСКВА. /ТАСС/. Сэргээшийн асуудлаар шалгагдаж буй теннисчин М.Шарапова Риод болох 2016 оны Зуны Олимпын наадамд оролцох боломжтой гэж ОХУ-ын Талбайн теннисний холбооны ерөнхийлөгч Шамиль Тарпищев үзэж байна. Энэ тухай мэдээллийг ОХУ-ын Олимпын Хорооны вэб хуудсанд нийтэлжээ.

“Олимпын Наадамд оролцохоор өрсөлдөж буй тамирчдын тоо ОХУ-ын эмэгтэй теннисний үндэсний шигшээ багийн тамирчдаас ч олон байна. Эдгээр тамирчдаас зөвхөн Светлана Кузнецова л оролцох нь баттай болсон бол Мария Шарапова ч мөн адил  энэ наадамд оролцох боломжтой гэж үзэж байна” гэж Ш.Тарпищев хэлжээ.

Гуравдугаар сарын эхээр 2016 оны Австралийн нээлттэй тэмцээнд оролцож байх үед нь М.Шараповагаас цусны шинжилгээ авахад Дэлхийн допингийн эсрэг агентлагаас /ДДЭБ/ гаргасан хориотой бэлдмэлийн хар жагсаалтад багтдаг мелдониум гэх бэлдмэл илэрчээ. Энэ хориотой бэлдмэл нь ДДЭБ-ын жагсаалтын (гормон ба бодисын солилцооны модулятор) "S4" ангилалд хамаардаг. 

Тамирчид бэлтгэлийн үед авсан бие махбодийн асар их ачааллыг давж гарахын тулд, мөн тэмцээний үед сэтгэл санааны байдлыг тогтворжуулж, стрессийг бууруулах зорилгоор мелдониум (милдронэт) –ийг хэрэглэдэг байна. Энэ бэлдмэлийг Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн улсуудад зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг ажээ. Тамирчдын хувьд 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн уг бэлдмэлийг тэмцээний үеэр болон тэмцээнүүдийн хоорондох хугацаанд хэрэглэвэл допингийн эсрэг журмыг зөрчсөнд тооцохоор болжээ.

Х.Сарнай

 

 

 

Холбоотой мэдээ