Жалгас Жумаевич Адилбаев: Монгол, Казахстаны харилцаа шинэ шатанд гарсан

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-10-24 10:56:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-д хийсэн албан ёсны айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан чухал ач холбогдолтой болсныг Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев онцлов.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 10-12-нд БНКУ-ын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамины урилгаар тус улсад албан ёсоор айлчилсан. Уг айлчлалын үр дүнгийн талаар БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев энэ сарын 23-нд хэвлэлийн хурал хийсэн юм. 


Айлчлалын хүрээнд холбогдох албаныхан Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай бичиг баримтад гарын үсэг зурсан. Мөн Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай зэрэг бичиг баримтад гарын үсэг зурсан юм. Айлчлалын хүрээнд болсон хоёр орны бизнес форум нь соёл урлаг, аж үйлдвэр, хөрөнгө оруулалтаас эхлээд бүхий л салбарыг хамруулснаараа онцлогтой, үр дүнтэй байсан гэдгийг Элчин сайд Жалгас Жумаевич Адилбаев дурдлаа.


Тэрбээр, “Бизнес уулзалтын үеэр Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд "Эрдэнэс алт ресурс" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан, "Сымбат инжиниринг" ХХН-ийн захирал Т.М.Шопшекбаевич нар гарын үсэг зурсан. Энэ хүрээнд Казахстаны талаас 30 сая ам.долларын үнэ бүхий алт цэвэршүүлэх технологийн патентаа Монголын талд үнэ төлбөргүй өгсөн юм. Алтыг 99.99 хувь хүртэл цэвэршүүлэх уг үйлдвэрийг ирэх онд ашиглалтад оруулах бай гэсэн тооцоолол бий. Түүнчлэн бас нэгэн томоохон ач холбогдолтой бичиг баримт бол Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх асуудал юм. Өөрөөр хэлбэл, Монголын их сургууль төгсөгчдийн дипломыг Казахстанд, манай улсын их сургуулиудын дипломыг Монголд хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Манай улсын Засгийн газраас Монголын оюутан, залууст зориулж Назарбаевын нэрэмжит сургуульд сурах 25 тэтгэлгийг жил бүр олгохоор судлаж байна. Түүнчлэн мэргэжил дээшлүүлэх чиглэлээр ч тэтгэлэг олгох асуудал яригдаж байгаа. Одоо энэ бүх бичиг баримтыг бүрэн хэрэгжүүлж, үр дүнд хүргэх нь хамгийн чухал” хэмээв.


Мөн тэрбээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа цухас танилцуулав. Тухайлбал, ирэх жил Монгол, Казахстаны Засгийн газрын комиссын хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Одоогоор Улаанбаатар-Нур-Султан хотын хооронд Казахстаны СКАТ авиа компани шууд нислэг үйлдэж эхэлсэн. Энэ нь хоёр орны аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж олгож буй юм. Тиймээс Улаанбаатар-Алмата хотын шууд нислэг нээхээр төлөвлөж байгаагаа хэллээ. Тэрбээр, “БНКУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад айлчлах урилгатай байгаа. Энэхүү айлчлалыг зохион байгуулахаар Элчин сайдын яам ажиллаж байна. Үүний дараа хоёр орны Ерөнхийлөгч нарын харилцан айлчлал болох байх гэсэн хүлээлттэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ