Тайванийн шигшээтэй тэнцсэн Монголын шигшээд шинэ боломж гарав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-10-24 08:22:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотноо Ази тивийн АШТ-ий урьдчилсан шатны Зүүн бүсийн А хэсэгт өрсөлдөж буй “Монголын шигшээ баг хоёр дахь тоглолтоо Тайваньтай хийж 4:4-өөр тэнцлээ” хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.


Энэ тоглолтын өмнө Тайвань А хэсгийг тэргүүлж байсан бол Монголын шигшээ сүүлд бичигдэж байв. Тэргүүлэгч багтай тоглосон Монголын футзалын шигшээ багийнхан эцсийн мөч хүртэл тэмцсэний дүнд хэсгээсээ гарах боломжоо хадгалан үлдлээ. Эхний хагаст Тайвань 1:3-аар тэргүүлсэн бол шийдвэрлэх үед "Талын хөх чононууд" илүү байж чадлаа. Эсрэг баг хоёрдугаар үе талдаа орж байхад тоог 1:4 болгон холдуулсан.


Харин эгзэгтэй энэ мөчид дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир таван тоглогчтой хувилбарыг сонгож Б.Баттулга довтолгооны шугамд "нэмэлт хүч" болсон юм. Т.Анхбаяр, П.Алтантулга нар тоог 3:4 болгон ойртуулсан бол Б.Баттулга үндсэн цаг дуусахаас 12 секундын өмнө тэнцээний гоолыг оруулав.

А хэсгийн нөгөө тоглолтод БНХАУ, Хонконгийн багийг 5:0-ээр хожсон. Өнөөдөр 15 баг 30 минутаас Монголын шигшээ баг Хонконгийг хожиж, БНХАУ-ын баг Тайванийг олон гоолын зөрүүгээр бут хожвол Монголын футзалын үндэсний шигшээ баг анх удаа Ази  тивийн АШТ-ий урьдчилсан шатны хэсгийг давах боломж гарах юм.

Холбоотой мэдээ