Удирдлагын тогтолцооны боловсронгуй төсөл бэлэн болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-10-22 17:51:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” бодлогын судалгаа бэлэн болоод буйг “Туушин" зочид буудалд өнөөдөр болсон хэлэлцүүлэг дээр мэдээллээ.

Уг судалгааны тайлан болон бодлогын зөвлөмжийг Монгол дахь “Конрад-Аденауэр” сан болон МУИС-ийн Улстөрийн тэнхимийн дэргэдэх Төрийн байгуулалтын экспертийн зөвлөлөөс танилцуулсан юм. Дээрх хоёр байгууллага судлаач, шинжээчдийн дунд бодлогын судалгааг хийх ажлыг нээлттэй зарлаж, сонгон шалгаруулснаар төслийн тайлан, зөвлөмж ийнхүү бэлэн болоод байна.


Энэхүү судалгаа тайлан, бодлогын зөвлөмж нь Монгол Улсад ямар хэрэгтэй, үүрэгтэй болохыг өнөөдөр эрдэмтэн судлаачид хэлэлцлээ. Ингэхдээ нутгийн өөрөө удирдах байгууллага, аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарын эрх, чиг үүргийн харьцуулалт, баг хорооны эрх зүйн байдал, Хот тосгоны удирдлагын тогтолцоо гэсэн үндсэн 4 сэдэвт төвлөрч байв. Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагааны судалгааг хийсэн Төрийн байгуулалтын экспертийн зөвлөлийн судлаач О.Тунгалаг хэлэхдээ, орон нутгийн ИТХ иргэний бус намчирхсан байгууллага болсон хэмээн дүгнэж байлаа. 


Орон нутаг дахь одоогийн удирдлагын байдал гэвэл, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь дотроо намын бүлэгт хуваагдсан, төлөөлөгчид нь намдаа суудал авч өгсөн гэсэн байдлаар ханддаг нь нууц биш. Ийм намчирхсан, хуваагдмал байдлаар төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэхгүй, хэрэгжихгүй. Монгол Улс нэгдмэл улс хэрнээ нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын ажил хэргийн хандлага нь иймэрхүү хуваагдмал байдлаар явж байна. Тэгээд хийдэг ажил, хэлэлцдэг зүйл нь ихэнхдээ Засаг даргаа огцруулах тухай байдаг. Улмаар Нутгийн өөрөө удирдах байгууллага гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хавсарга маягтай явж ирсэн хэмээн шүүмжлэлтэй хандаж байлаа.

Энэ бол ардчилсан ёсыг нийгэмдээ төлөвшүүлж буй манай орны улстөрийн амьдралд гарч буй сөрөг үзэгдлийн нэг гэдэгтэй эрдэмтэн судлаачид санал байгаагаа илэрхийлж байна. Сөрөг үзэгдлийн шалтгаан нь тогтолцооны шинжтэй байдаг боловч нэлээд хувь нь соёлын шинжтэй байдаг. Тогтолцоотой холбоотой шалтгааныг Үндсэн хууль, бусад хуульд засвар оруулснаар шийдэж болно.




Харин тогтолцоонд хийсэн засвар соёлын хомсдолыг нөхөж чадах уу гэдэгт нийтээрээ анхаарах ёстойг хэлж байлаа. “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” бодлогын судалгаа нь чухам зөв шийдлийг олж, тогтолцооны зарим согогийг засахад хувь нэмэр, тусаа оруулах зорилготойг эрдэмтэн судлаачид онцолж байна.

Өнөөдрийг хэлэлцүүлгийг Монгол дахь “Конрад-Аденауэр” сан болон МУИС-ийн Улстөрийн тэнхимийн дэргэдэх Төрийн байгуулалтын экспертийн зөвлөлөөс гадна Удирдлагын академи болон Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгууллаа.




Тодруулга: Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчдийг сонгох гадаад орнуудын жишгээс дурдвал, энэ сонголт нь иргэдээс, орон нутгийн байгууллагаас, бие даан гэхчлэн олон хэлбэртэй байдаг байна. Тэгвэл манайд улстөрийн намаас, эсвэл бие даан сонгогдох хоёрхон хэлбэртэй. Тоо баримтаас харвал аймаг, нийслэлийн ИТХ-ын 790, сум дүүргийн 7299, нийт 8089 хүн сонгогдон иргэдийн төлөөллийг хэрэгжүүлж байна. Эдгээрийн дөнгөж 1.3 хувь нь бие даан сонгогджээ.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ