Нисэх загварын тамирчид ДАШТ-ий 2 дугаар шатанд өрсөлдөнө

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-10-22 10:28:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нисэх загварын спортын чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хугацаат нислэгийн F1C ангиллын тэмцээнд ОУХМ Ө.Эрдэнэбаяр, СМ А.Амар-Отгон нар 2 дугаар шатанд дэвшин шалгарлаа.


АНУ-ын Лост Хиллз хотноо энэ сарын 20-нд эхэлсэн ДАШТ-д Монгол Улсаас F1С ангилалд гавьяат тамирчин, ОУХМ М.Гонгор, ОУХМ Ө.Эрдэнэбаяр, СМ А.Амар-Отгон нар оролцож байгаагаас ОУХМ Ө.Эрдэнэбаяр, СМ А.Амар-Отгон нар 1 дүгээр шатны нислэгээ амжилттай үйлдээд 2 дугаар шигшээ нислэгт 10 орны 14 тамирчинтай өрсөлдөхөөр ийнхүү шалгарсан байна. ДАШТ-ий 2 дугаар шатны шигшээ нислэг өнөөдөр Монголын цагаар 22.20 цагт эхлэх юм байна.

Ташрамд сонирхуулахад, Манай оронд 1965 оноос нисэх загварын спорт хөгжиж эхэлсэн түүхтэй. Хамгийн сүүлд Тэрэлж орчимд 2015 онд дэлхийн 37 орны нисэх загварын онгоцны тамирчид өөрөө нисэгч онгоц, төхөөрөмжүүдийг зохион бүтээж, нисгэн уралдах олон улсын тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ.  

Тэмцээнд оролцож байгаа нисэх загварууд их биед бэхлэгдсэн зөөгч гадаргууд аэродинамикийн хүчнүүд үйлчлэхэд үүсдэг өргөх хүчний үйлчлэлээр ниснэ. Зарим нь зөөгч сэнсний үүсгэсэн өргөх хүчний үйлчлэлээр агаарт хөөрдөг байна.

Агаарт хөөргөсөн онгоц 5-10 км зайд очиж буух тул тамирчид нь яг л хөлбөмбөгчин шиг том талбайд гүйх хэрэгтэй болдог сонирхолтой спорт юм.

Монгол Улсад болсон тус тэмцээнд F1A - Планерийн загвар, F1B - Резин хөдөлгүүрт загвар, F1C - Хугацаат нислэгийн загвар, F1P - Хугацаат нислэгийн загвар /өсвөр үеийн ангилал, 1 куб см/ гэсэн дөрвөн төрлөөр тамирчид өрсөлдсөн юм. Нисэх загварын спортын чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хугацаат нислэгийн F1C ангиллын тэмцээнд ОУХМ Ө.Эрдэнэбаяр, СМ А.Амар-Отгон нар 2 дугаар шатанд дэвшин шалгарлаа.


Холбоотой мэдээ