Хөрөнгө оруулалтын тогтвортой бодлого эдийн засгийн өсөлтийг хадгална

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-10-22 23:08:33
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх жилүүдэд манай улсын экспортын голлох эрдэс бүтээгдэхүүний үнэ буурах төлөв гадаад өрийн эргэн төлөлттэй давхцаж буй үед эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалахад анхаарах бодит шаардлага тулгарч байна.  Харин эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад хөрөнгө оруулалтын тодорхой, тогтвортой бодлого чухал үүрэг гүйцэтгэхийг өнөөдөр болсон “Хөрөнгө оруулалтын орчин: Тогтвортой байдал” олон улсын бага хурлын үеэр онцоллоо. Уг хурлыг Монголбанк, ОУСК, Үндэсний хөгжлийн газар хамтран зохион байгуулсан юм.   


2016 онд Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.доллар байсан бол 2018 онд энэ тоо 2.7 тэрбум ам.долларт хүрч 80 хувиар өсжээ. Түүнчлэн 2018 онд гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд манай улсын татварын орлогын 23 хувийг, цалингийн сангийн 17 хувийг бүрдүүлсэн байна. Харин 2020-2024 онд 14.4 тэрбум ам.долларын гадаад өрийн төлбөр болон экспортын түүхий эдийн үнийн савалгаанаас үүдэлтэй эдийн засгийн болзошгүй хүндрэлийг гадаадын шууд хөрөнгө оруулалт болон экспортоо нэмэгдүүлж даван туулах боломжтойг албаны хүмүүс онцлов.



ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд манай улсын татварын нийт орлогын 23 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэх нөлөөг илтгэн харуулж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтыг татах тодорхой зорилго зорилтууд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд шинэ хөрөнгө оруулагчдад таатай нөхцөлийг бүрдүүлэх, тэдний эрхийг хамгаалах, олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэхийн төлөө бид ажиллаж байна” гэлээ.


Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан: “Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал 2017 оноос тогтворжсон. 2019 оны эхний хагас жилийн байдлаар ДНБ 7.3 хувиар өслөө. Гэсэн хэдий ч түүхий эдийн үнийн савалгаа, гадаад өрийн эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх хөтөлбөрүүдэд нэмэлт эх үүсвэрүүд болон гадаадын шууд хөрөнгө оруулалт татах таатай орчин бий болгох нь нэн тэргүүний асуудал болоод байна” хэмээв.




Манай улс Дэлхийн банкны 2018 оны бизнес эрхлэлтийн индексээр 128 улсаас 74-т жагсжээ. Түүнчлэн энэ онд гадаадын хөрөнгө оруулалт өмнөх онтой харьцуулбал хоёр дахин буурсан зэрэг нь манай улс хөрөнгө оруулалтыг дэмжих зөв бодлого хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байна. 



Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл: “Санхүүгийн нөөц дутагдалтай манайх шиг улсад гадаадын хөрөнгө оруулалт ус агаар шиг хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт хөрөнгө, санхүү, хүний оюун ухаан зэрэг олон хэлбэрээр орж ирж үр өгөөжөө өгдөг тул улс орнууд гадаадын хөрөнгө оруулалт даллан дуудах бодлого идэвхтэй явуулдаг. Манай улсын хувьд валютын нөөц дутмагаас гадна гадаад худалдаатай зуузай холбосон морь шиг давхиж байх ёстой гадаадын хөрөнгө оруулалт хоцроод байгааг анхаарах шаардлагатай. Ялангуяа ирж буй жилүүдэд гадаад хөрөнгө оруулалтад хандах хандлагаа эелдэг, найрсаг болгох шаардлагатай байна. Манай улс Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индексээр 2018 онд 128 орноос 74 явж байгаа нь доогуур үзүүлэлт. Энэ тоог хэвлэлээр яриад өнгөрөх бус бодлого боловсруулж, бодлогоо хэрэгжүүлэх шаардлагатай байна” хэмээв.


Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан: “Үндэсний хөгжлийн газар Дэлхийн банкны ОУСК-тай хамтран Монгол Улсын хөрөнгө оруулалтын шинэчлэлийн тайланг боловсрууллаа. Энэхүү тайланг үндэслэн төрөөс хөрөнгө оруулалт татах бодлогын баримт бичгийг боловсруулж байна. Бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд улс төрийн тогтвортой байдал ихээхэн нөлөөлдөг. Цаашид эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалтын тогтвортой байдал улс төрөөс ангид байх ёстой. Түүнээс гадна Монгол Улс хөгжлийн тулгуур салбар, гадаадын хөрөнгө оруулалт, боловсон хүчний нөөцөө 20-30 жилийн алсын хараатай тодорхойлох нь маш чухал. Энэ хүрээнд Үндэсний хөгжлийн газар 2051 он хүртэл алсын харааг тодорхойлох ажлыг эхлүүлээд байна” гэлээ.


ОУСК-ын Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алиманданов: “Гадаадын хөрөнгө оруулалт болон Ноу-хауг нутагшуулахаас гадна дотоодын бизнесийн боломжийг өргөжүүлэхэд хөрөнгө оруулалтын дорвитой бодлого чухал дэм болно. Монгол Улсын хамгийн өрсөлдөх чадвар бүхий уул уурхай, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, хөдөө аж ахуй зэрэг салбарууд дахь гадаадын хөрөнгө оруулалтаас хамгийн их үр өгөөж хүртэх боломжтойг манай судалгаа харуулсан. Эдгээр салбарт боломжийг бүрдүүлэх, боломжийг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чин эрмэлзэлтэй байна” гэв. 






Холбоотой мэдээ