Хилийн боомтууд дээр дотоодын үйлдвэрлэлийн бөөний төвийг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-18 17:20:50

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Арц суурийн боомтод үзэсгэлэн худалдаа болж 9 аймгийн 500 гаруй бизнес эрхлэгч оролцжээ. Хойд талаараа ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улстай Арц суурийн боомтоор хиллэдэг Завхан аймаг нэг хэсэг тасалдаад байсан хилийн үзэсгэлэн худалдааг Тува улсын Ерөнхийлөгчтэй, Завхан аймгийн Засаг даргын хамтран ажиллах гэрээний хүрээнд дахин сэргээжээ.

Энэ жил дөрөв дэх жилдээ  зохион байгуулсан тус үзэсгэлэн худалдаа Завханы Засаг даргын ивээл дор болов. Үзэсгэлэн худалдаанд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Эрзин хошууны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Намжа Сергек, Засаг дарга Орлан Чигжит, Завхан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Балхярваа, Засаг дарга Д.Батсайхан нарын албаны хүмүүс, хоёр орны худалдаа эрхлэгчид, 2000 орчим иргэн оролцсон байна. Үзэсгэлэн худалдаанаас Бүгд Найрамдах Тува улсын иргэд хэрэгцээт бараа бүтээгдэхүүн, тэр дундаа Монгол Улсад үйлдвэрлэсэн арьсан эдлэл, оёмол, сүлжмэл, эсгийгээр хийсэн бүтээгдэхүүнийг ихээр сонирхон худалдан авалт хийжээ. Харин Монголын худалдан авагч нар Оросын хүнсний бараа бүтээгдэхүүн, гутал хувцсыг ихэвчлэн худалдан авчээ. Арц суурийн хилийн боомтын үзэсгэлэн худалдаанд оролцогчдын тоо жилээс жилд өссөн үзүүлэлттэй байна. Учир нь хоёр орны хувьд худалдаа, эдийн засгийн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болдогтой холбоотой юм. Үзэсгэлэн яармагийн үеэр иргэдийг хилээр гарахад нь шуурхай үйлчилж ажилласан бөгөөд цаашид хоёр орны хилийн боомтууд дээр дотоодын үйлдвэрлэлийн бөөний төвүүдийг байгуулахаар албаны хүмүүс энэ үеэр тохиролцож төлөвлөсөн байгаа. Нэмж дуулгахад, Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтынхоо хүрээнд орон нутгийнхаа үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ дэмжиж жилд 4-5 удаагийн үзэсгэлэн худалдааг аймагтаа болон нийслэл Улаанбаатар, Эрдэнэт хотод зохион байгуулдаг хэмээн Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ