С.Эрдэнэ: Гэр хороололд СӨХ байгуулах хэрэгцээ шаардлага байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-10-16 18:08:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив


Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дөрөвдүгээр сарын 11-нд өргөн мэдүүлсэн байна. Тэрбээр төслөө танилцуулахдаа, 2003 онд хэрэгжиж эхэлсэн энэ хууль үүргээ сайн гүйцэтгэсэн ч бүхэлд нь шинэчлэх шаардлага үүсээд буйг онцолсон. Монгол Улсын хүн амын ихэнх хэсэг нь гэр хороололд амьдарч байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд авч үзэхэд хүн амын 58 хувь буюу 205 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Тэдгээрийн 56 хувьд хоёроос дээш өрх нэг хашаанд амьдарч байна. Тэдгээр өрхийн орчны аюулгүй байдал, тохижилт, цэвэрлэгээ, инженерийн шугам сулжээний ашиглалт хамгаалалт нэн тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх асуудал болоод байна. Тиймээс гэр хороололд Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/ байгуулах хэрэгцээ үүссэн хэмээн төсөл санаачлагч танилцууллаа. Мөн СӨХ нь оршин суугчиддаа ажлынхаа талаар мэдээлэл өгдөггүй тул оршин суугчид бүрэн хяналт тавих боломжгүй байдаг. Үүнээс гадна үнэ тарифыг үндэслэлгүй тогтоодог, орон сууцны зориулапт, төлөвлөлтийг дураараа өөрчилж, иргэдээс болон дундын өмчлөлөөс орсон түрээсийн төлбөр зэрэг мөнгөн хуримтлалыг зориулалтын бус зүйлд зарцуулдаг байна. Тиймээс дээрх хүндрэлтэй асуудал, хууль хэрэгжих явцад гарч байсан алдаа дутагдлыг боловсронгуй болгох зорилгоор, Гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна.


Шинэчилсэн найруулгын төсөлд СӨХ-ны менежментийг боловсронгуй болгох эрх зүйн орчинг сайжруулах замаар бодитой үр дүнтэй ажиллах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ. Сууц өмчлөгчдийн холбоог иргэдийн эрүүл, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, оршин суугчидтай нягт уялдаа холбоотой, нээлттэй, ил тод ажиллах үүрэгтэй байгууллагынх нь хувьд эрх, үүргийг тодорхой болгон сууц өмчлөгч ба оршин суугчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэний эрх үүргийг дээшлүүлэн, хувийн хэвшлийн үйл ажиллагааг сайжруулж, эдгээрийн хоорондын ажлын уялдаа холбоог хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалтын талаарх харилцааг зохицуулахаар тусгасан гэж байлаа. 



Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.  Гишүүд гэр хорооллын иргэдийн дунд СӨХ-г байгуулах, цаашлаад гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгож, төлөвлөлт, ипотекийн зээлд хамруулж эрх зүйн байдлыг дээшлүүлэх шаардлагатай гэсэн санал хэлж байлаа. Түүнчлэн хуулийн төсөлд аймаг орон нутгийн гэр хорооллын асуудлыг тусгасан эсэхийг лавласан. 


Төсөл санаачлагч хариулахдаа, улсын хэмжээнд нийт 1022 СӨХ ажиллаж байгаагаас нийслэлд 881, орон нутагт 141 байна. Гэр хороололд энэ чиглэлээр ажиллаж байгаа холбоо байхгүй байна. Гэтэл дундын өмчлөлийн асуудал гэр хороололд адилхан байдаг тул эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай. Өргөн барьсан хуулийн төсөлд гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт болон СӨХ-г байгуулахаар тусгаж өгснөөр уг хууль нийт иргэдэд үйлчилнэ хэмээв.   


Ингээд санал хураахад, дээрх хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Холбоотой мэдээ