ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг бууруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-10-16 09:44:37

ВАШИНГТОН. /Reuters/. Олон улсын валютын сан /ОУВС/ дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2019 оны урьдчилсан таамаглалыг бууруулан 3 хувь болгосон талаар Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн шинэ тайланд дурджээ.


ОУВС 2019 онд дэлхийн эдийн засгийн өсөлт 3.3 хувь хүрнэ хэмээн таамаглаж буйгаа өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан бол уг үзүүлэлтийг өнгөрсөн долдугаар сард 3.2 хувь болгон бууруулсан юм.


“Дэлхийн санхүүгийн хямралаас хойш дэлхийн эдийн засаг хамгийн их саарч буй нь энэ болж байна” гэж ОУВС-гийн ахлах эдийн засагч Гита Гопинатх мэдэгджээ. ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалыг өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш тав дахь удаагаа бууруулж буй нь энэ юм. Мөн ирэх оны үзүүлэлтийг 3.5 хувиас 3.4 хувь хүргэж бууруулжээ. 


АНУ-БНХАУ-ын нэмэлт татвар, гэрээгүй “Brexit” зэргийг дэлхийн эдийн засагт тулгамдаж буй томоохон эрсдэл хэмээн ОУВС үзэж байгаа бөгөөд АНУ-БНХАУ-ын худалдааны маргааны улмаас дэлхийн дотоод нийт бүтээгдэхүүний хэмжээ 2020 онд 0.8 хувиар буурах төлөвтэй байгаа ажээ. 

Холбоотой мэдээ