БНСУ-ын дуучин, жүжигчин Солли нас баржээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-10-15 12:41:47

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын дуучин, жүжигчин Солли Сөүл хот дахь гэрээсээ нас барсан байдалтай олдсон талаар тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ.


Цахим сүлжээн дэх доромжлолын улмаас шаналж байсан 25 настай Чой Жин Ри /Соллигийн жинхэнэ нэр/ орон нутгийн цагаар даваа гарагийн 15:21 минутын орчимд нас барсан байдалтай олджээ. Солли утсандаа олон цагийн турш хариу өгөхгүй байсан тул түүний менежер гэрт нь очсон байна.


Цагдаагийн ажилтнууд Соллигийн нас барсан шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд түүнийг амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж. “Соллигийн гараараа бичсэн тэмдэглэл олдсон боловч амиа егүүтгэх талаарх зурвас биш байсан” гэж цагдаа нар мэдээлжээ.


2005 онд жүжигчний гараагаа эхлүүлж байсан Солли 2009 онд “SM” энтертайментын “f(x)” охидын хамтлагт гишүүнээр элсэж байжээ. Тэрбээр 2014 онд таагүй сэтгэгдлүүд болон цуу ярианы улмаас дуучны карьерээ түр завсарласан боловч 2015 оноос жүжиглэхдээ голчлон анхаарч, тун удалгүй хамтлагаасаа гарсан байна.


Саяхан Солли цахим сүлжээн дэх үзэн ядсан агуулга бүхий сэтгэгдлүүдийн талаар ярилцдаг JTBC TV” сувгийн нэвтрүүлэгт оролцжээ. Нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч байсан түүнийг шүүмжилсэн болон дэмжсэн сэтгэгдлийн аль аль нь дагадаг байжээ.


“Бид эмгэнэлт мэдээ хүргэх гэж буйдаа үнэхээр их харамсаж байна. Солли биднийгээ орхин одлоо” гэж түүний харьяалагддаг “SM” энтертайментаас мэдэгдсэн бөгөөд түүний талаар таамагласан хийгээд цуурхсан мэдээлэл цацахгүй байхыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс хүссэн байна.


Энэхүү харамсалтай үйл явдалтай холбогдуулан Соллитой ойр дотно байсан “SM” энтертайментын уран бүтээлчид төлөвлөсөн шоу, арга хэмжээнүүдээ хойшлуулах юм уу цуцлах шийдвэрийг гаргажээ. 

Холбоотой мэдээ