Сирийн дүрвэгсдэд хилээ нээнэ гэж ЕХ-г сүрдүүлжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-10-11 11:32:55

АНКАРА. /RIA Novosti/. Сирид эхлүүлсэн Туркийн ажиллагааг Европын Холбооны /ЕХ/ орнууд буруушаасныг тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган шүүмжилсэн байна. Тэрбээр мөн хэрэв Өрнөдийн орнууд ажиллагааг нь эзлэн түрэмгийлэл гэж нэрлэвэл дүрвэгсдэд хилээ нээнэ гэж сүрдүүлжээ.


Тэрбээр үг хэлэхдээ, Брюссель “цаг үргэлж хууран мэхэлж, хэзээ ч чин сэтгэлээсээ байдаггүй” гэж цохон тэмдэглээд, Турк улс “террористуудын халдлагад өртөх аюул дор” байгаа бөгөөд Сирийн 3.5 сая дүрвэгчийг хүлээж авсан болохыг сануулсан байна.


Үүнээс гадна, Туркийн ажиллагааг бас буруушаасан Саудын Араб, Египетийн эрх баригчдыг шүүмжилжээ. “Саудын Арабын эрх баригчид өөрсдийгөө толинд харах хэрэгтэй. Йеменийг хэн ийм байдалд хүргэсэн билээ? Эхлээд тэд энэ асуултад хариулах хэрэгтэй. Та бүхэн бидэнд үг хэлж бүү зүрхэл. Египет бол огт дуугарах хэрэггүй, тэнд улс орныхоо ардчиллыг хөнөөсөн хүн төр жолоодож байгаа” гэж Туркийн Ерөнхийлөгч хэлсэн байна.


Сирийн хойд нутагт “Энх тайвны эх үүсвэр” ажиллагаа явуулж эхэлснийг Эрдоган лхагва гарагт мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ