"Тулгат багана" компани  барилгын ажлаа чанаргүй хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 14:18:10

Ховд аймгийн Манхан суманд Гэр бүл хөгжлийн төв, зочид буудал, халуун усны засварын ажлыг хоёр жилийн өмнө "Онд харьцуулалтын арга"-аар тендер зарлаж "Тулгат багана" ХХК шалгарч 47120,3 мянган төгрөгөөр гэрээ байгуулан засварын ажлыг гүйцэтгэж байна.

2014 онд урьдчилсан байдлаар  Халуун усны хэсгийг хүлээн авч ажиллуулах явцад бойлуурын ус удаан халж, шүршүүрүүдийн ус дамжих хоолой задрах зэрэг дутагдал гарч байгаатай холбоотой Тулгат багана ХХК-д албан бичиг  хүргүүлжээ. Энэ дагуу аймгийн  Мэргэжлийн Хяналтын Газрын байцаагч нар ирж үзээд уг засварын ажлыг  дахин сайн чанартай хийж гүйцэтгэх талаар Тулгат багана ХХК-д албан шаардлага хүргүүлж үлдэгдэл 4402,4 мянган төгрөгийн санхүүжилт олгоогүй байна.

Манхан  сумын ИТХ-ын тэргүүлэгчдээс санал гарч тус компаний удирдлагыг хуралд оролцуулж үүрэг даалгавар өгсөн боловч одоо болтол ажил шаардлагын хэмжээнд хийгдээгүй гэнэ.

Дээрх ажлуудыг  яаралтай хийж гүйцэтгэж хүлээлгэж өгөхгүй бол тухайн компанийг Манхан сум шүүхэд шилжүүлэхийг мэдэгдсэн албан бичиг хүргүүлжээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ