Өвөрхангайд уул уурхай эрхлэгчдийн зөвлөлгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-12 14:06:54

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс “Орон нутгийн цогц хөгжил түншлэл” дөрвөн талын түншлэлийн төслийг Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс зэрэг аймагт хэрэгжүүлээд нэг жилийн хугацаа өнгөрч байна.

Төслийн хүрээнд “Өвөрхангай аймгийн уул уурхай эрхлэгчдийн аймгийн зөвлөлгөөн”-ийг энэ сарын 8-ны өдөр МШУТ-ийн Иргэний танхимд зохион байгууллаа. Зөвлөлгөөнд орон нутгийн удирдлагууд, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн төлөөлөгчид, уул уурхайн компанийн төлөөллүүдээс гадна уул уурхай бүхий сумдын Засаг дарга, байгаль орчны байцаагчид, аймгийн МХГ, Иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хамрагдсан юм.

Өвөрхангай аймгийн хэмжээнд 17 аж ахуйн нэгж ашигт малтмалын ашиглалтын 27 тусгай зөвшөөрлийг 12,9 мянган гектар талбайд Монгол улсын зохих хууль тогтоомжийн хүрээнд эзэмшиж байна. Энэ нь манай аймгийн нийт нутаг дэвсгэрийн 0,02 хувийг эзэлж байна гэсэн үг юм. Харин 26 аж ахуйн нэгж хайгуулын 29 тусгай зөвшөөрлөөр 133,9 мянган гектар талбайг ашиглаж байна.

Аймгийн МХГ-аас 2015 онд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 13 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийсэн бөгөөд шалгалтаар 85 зөрчил илрүүлж тайлант хугацаандаа 74,1 хувийг арилгуулсан талаар зөвлөлгөөний үеэр мэдээлэл өглөө. Цаашлаад Өвөрхангай аймаг уул уурхайн салбарт анхаарал хандуулж хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө ажиллах нь чухал гэдгийг зөвлөлгөөнд оролцогчид онцолж байлаа.

Дээрх төслийн гол зорилго нь уул уурхайн олборлолт, хайгуул хийж байгаа орон нутагт талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тус салбарын талаар тэнцвэрт мэдээллийг хүргэх юм.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ