Европын орнууд БНАСАУ-ын туршилтыг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-10-09 07:17:19

БРЮССЕЛЬ. /Reuters/. БНАСАУ өнгөрсөн долоо хоногт шумбагч онгоцноос баллистик пуужин туршсаныг Европын зургаан орон зэмлэн буруушаасан байна.


НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл уг туршилтын талаар хаалттай хэлэлцсэний дараа Франц, Герман тэргүүтэй өөр бусад дөрвөн орон мягмар гарагт мэдэгдэл гаргажээ. БНАСАУ-ын харвасан пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан юм.


НҮБ-д суугаа Францын төлөөлөгч Николя де Ривьер мэдэгдэхдээ, өнгөрсөн хугацаанд богино зайн тусгалт баллистик пуужингуудыг хэд хэдэн удаа харвасан БНАСАУ-ын өдөөн хатгах ажиллагааг зэмлэн буруушааж байна гэжээ. Мөн тэрбээр, уг үйл ажиллагаанууд нь бүс нутгийн аюулгүй хийгээд тогтвортой байдлыг алдагдуулж, Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэмээн мэдэгдээд, АНУ-тай хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг БНАСАУ-д уриалжээ.


Аюулгүй Зөвлөлийн эх сурвалжуудын мэдээлснээр, уулзалтад оролцогчид БНАСАУ, АНУ-ын ажлын түвшний хэлэлцээ цаашид үргэлжилнэ хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. Зөвлөлийн гишүүд өнгөрсөн наймдугаар сарынхтай нэгэн адил нэгдсэн байр сууринд хүрч чадаагүй байна. БНХАУ, ОХУ хориг арга хэмжээнүүдийг сулруулах хүсэлтэй байгаа бол АНУ хэлэлцээний замаар ахиц дэвшил гаргахыг чухалчилж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ