Дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан үсчин, гоо засалчдыг шагнаж урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-08 16:50:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан  “Дэлхийн аваргын цомын төлөөх” үсчин, гоо засалчдын тэмцээнд монгол хүний ур чадварыг таниулж өндөр амжилт гаргасан баг тамирчдад мөнгөн шагнал олгож, батламж гардууллаа.

Дэлхийн үсчин, гоо сайхны мэргэжлийн холбоог 2006 онд үүсгэн байгуулсан бөгөөд тус холбооноос зохион байгуулдаг тив, дэлхийн тэмцээнд 13 жил Монголын шигшээ багийг бэлтгэн оролцуулж иржээ.

Монгол Улсын үсчин, гоо засалчдын баг Франц улсын Парис хотноо 2019 оны 9 дүгээр сарын 14-16-нд болсон “Дэлхийн аваргын цомын төлөөх” тэмцээнд амжилттай оролцсон юм. Тухайлбал, мастер үсчин Н.Алтаншагай эрэгтэй классик төрөлд мөнгөн медаль, мастер үсчин А.Амгаланбаатар тусгай байрын шагнал хүртсэн бол багийн дүнгээр мастер үсчин Н.Алтаншагай, А.Амгаланбаатар, Б.Ууганцэцэг нар  мөнгөн медаль, мастер үсчин Д.Одхүү дасгалжуулагчийн төрөлд мөнгөн медаль, Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ж.Довчинсүрэн алтан медаль тус тус хүртжээ.

Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоо нь 2018 онд болсон “Зүүн бүсийн Европын аваргын алтан цом” тэмцээнд амжилттай оролцож, гоо сайхны хуримын төрлөөр багийн мөнгөн медаль, эмэгтэй урт  үсний  төрлөөр хүрэл медаль, Дэлхийн холбооны хүндэт медаль, гоо сайхны төрлийн дасгалжуулагчийн мөнгөн медаль, “Зүүн бүсийн Европын аваргын алтан цом” хүртэж байсан туршлагатай аж.


Холбоотой мэдээ