Улаанбаатар хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-10-08 15:44:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах талаар хэлэлцэв.

Танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хийлээ. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд таван бүлэг, 26 зорилтын хүрээнд 477 ажлыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Тодруулбал,

  • “Эдийн засгийн өсөлт өрх бүрд” бүлгийн зургаан зорилтын хүрээнд 61,
  • “Хот байгуулалт, дэд бүтэц” бүлгийн таван зорилтын хүрээнд 114,
  • “Байгаль орчин, ногоон хөгжил” бүлгийн гурван зорилтын хүрээнд 71,
  • “Нийгмийн хөгжил” бүлгийн найман зорилтын хүрээнд 157,
  • “Засаглал” бүлгийн дөрвөн зорилтын хүрээнд 74 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хотын захирагч С.Амарсайхан үндсэн төслийг өргөн барихдаа таван зүйлд онцгойлон анхаарснаа онцолсон. Улаанбаатар хотын оршин суугчдын хурдацтай өсөлт, түүнээс улбаатай агаар орчны бохирдол, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, авто замын ачаалал зэрэг Улаанбаатар хотод тулгамдаад байгаа бүхий л зүйлийг шийдэж, дэд бүтцийн хангамжийг сайжруулан, нийтийн тээвэрт тусгай замын автобус нэвтрүүлнэ.

Тухайлбал, гэр хорооллын бүсийг дахин төлөвлөн барилгажуулах төслүүдийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажлыг үргэлжлүүлэн 2020 онд 3663 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Мөн цахилгааны “Их тойруу 110” сүлжээг ашиглалтад оруулж, Нисэх, Яармаг орчмыг дахин төлөвлөж, барилгажуулах нөхцөлийг бүрдүүлэх аж. Авто замын дэд бүтцийг сайжруулах хүрээнд энэ онд барилгын ажлыг нь эхлүүлсэн зам гүүрийн бүтээн байгуулалтыг дуусгаж, төмөр зам доогуур гурван нүхэн гарц барихаар төлөвлөжээ.

Нийтийн тээврийн салбарын стратегийн үндсэн баримт бичгийг боловсруулж, байгальд ээлтэй технологид шилжүүлэх ажлыг үе шаттай хийхээр үндсэн чиглэлд тусгажээ. Нийгмийн хөгжлийн чиглэлээр 2020 онд нийтдээ 48 сургууль, 37 цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлж, жишиг ариун цэврийн байгууламж барьж, сурагчдыг тээвэрлэх автобусны тоог олшруулахаар тусгасан байна. Эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээг сайжруулах хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 50 автомашин олгохоор тусгасныг мэдээлэв.

НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэж буй үндсэн чиглэлтэй холбоотойгоор Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлыг түргэвчлэх, хөрөнгө оруулалтын ажлыг эрт эхлүүлэхэд анхаарч ажиллах саналыг тавьж байв. НИТХ-ын дарга Р.Дагва “Үндсэн чиглэлд тусгасан ажлуудыг бид цаашид олон удаагийн хурлаар хэлэлцэнэ. Албан хаагчид тодруулга мэдээлэлд оновчтой хариулж, мэдээлэл өгөх хэрэгтэй.

Нийслэлийн иргэдийн хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал төсвөөр хангахаар бид зорилт тавин ажиллаж байгаа. 2020 оны үндсэн чиглэлд тусгасан ажлыг санхүүжүүлэх эх үүсвэр хаана байгаа юм бэ. Тиймээс хийх ажлууд тодорхой байх ёстой. Зорилгоо зөв тодорхойлсон байх шаардлагатай” гэлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Холбоотой мэдээ