Д.Тогтохсүрэн: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлтэй зөвшилцөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-10-07 14:07:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлтэй зөвшилцөх шийдэлд хүрчээ.


Ард нийтийн санал асуулга явуулах тухай, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн эхийг батлах тухай 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээн авсан. Хоригийг хүлээн авсан тул 73 дугаар тогтоолыг сайжруулах эсхүл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гуравдугаар хэлэлцүүлгээр батлах гэсэн хоёр сонголт бий болж буй юм. Тиймээс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг АН, Ерөнхийлөгчтэй зөвшилцөх нь зөв хэмээн үзсэн гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэв.


Мөн МАН-ын бүлгээс сайжруулсан шахмал түлшний талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтжээ. Тодруулбал, энэ сарын 5-нд 16 иргэн угаартсанаас 4 нь нас барсан. Тиймээс буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх, түлш, зуухны чанар, стандартыг дүгнэж, сайжруулахыг чиглэл болгож байгаа аж. 

Холбоотой мэдээ