Ц.Ганхуяг: Олсон орлогоо төсвийн алдагдлыг нөхөхөд биш иргэдийнхээ амьжиргааг дэмжихэд зарцуулах ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-10-09 10:30:02

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил Сүхбаатар аймгийн Дарьганга суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн томоохон ажлууд хийхээр тусгагдсан. Мөн сум орон нутаг олсон орлогоо төсвийн алдагдлыг нөхөхөд бус, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулж байгаа нь сайн туршлага болжээ. Энэ талаар болон бусад цаг үеийн асуудлаар тус сумын Засаг дарга Ц.Ганхуягтай цөөн хором ярилцлаа.


-Дарьганга сумын өвөлжилтийн бэлтгэл ажил хэр хангагдаж байна. Энэ талаар яриагаа эхлүүлье?

-Монгол Улсын Засгийн газрын 285 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг дарга болон бүх сумын дарга, агентлагуудын дарга нарт өгсөн зөвлөмжийн дагуу бид өвөлжилтийн бэлтгэлээ хангаж байна. Энэ өвлийг өнтэй давахад төв суурин газрын хувьд дулааны шугамын асуудал хамгийн чухал байгаа. Ер нь манай орон нутгийн үйлдвэрийн газрын өрийн асуудал хамгийн их тулгамдаж буй зүйл болоод байна. Нүүрсний болон тээвэр хийдэг компанидаа өртэй байгаа. Энэ асуудлаа зохицуулахын тулд орон нутгийн өмчит үйлдвэрийн газраа түр горимд шилжүүлэн, ЗДТГ­-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг энэхүү өрийн асуудлыг шийдвэрлэх, өвлийг ямар нэг саад бэрхшээлгүй давах тал дээр анхааран ажиллаж байна.

Хөдөө багуудын Засаг дарга нарт үүрэг өгч, энэ жилийн өвөлжилтийн гол бэлтгэл нь хадлан тэжээлийн асуудал. Өнгөрсөн жилээс эхлээд ЗДТГ сумынхаа нөөцийг өөрсдөө авдаг болсон. Урьд нь хүнээс гуйж авдаг байсан бол энэ жил Засгийн газрын албан даалгаврын дагуу өөрсдөө өвсөө бэлтгэж, 100-150 тонн өвс нөөцөлсөн. Хавар. цаг хүндэрсэн үед өвсний үнэ хэд  хүрсэн ч  хамаагүй сум нөөцийнхөө өвсийг 3500 төгрөгөөр зарж борлуулах юм. Одоо бид шаардлагатай өвснийхөө 80-аад хувийг нь татчихаад байна. Сумын бүх мал орон нутагтаа өвөлжинө. Наран, Баяндэлгэр сумын зарим малчид манай нутгийн зүүн талаар оторлох боломжтой. Ганга нуурыг хамгаалах чиглэлээр бэлчээр ашиглалтад зориулсан 10 худаг шинээр гаргана. Энэ ажил эхэлсэн. Үүнээс гадна бид аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн багц болон сумынхаа орон нутгийн сангийн хөрөнгөөр 7-8 худаг гаргахаар саналаа тавьсан байгаа. Тендерийн гэрээгээ хийгээд ойрын хугацаанд шийдэгдэх юм бол худаг усны асуудал сайжирна гэсэн үг. Сумын хэмжээнд намрын мал угаалгыг урьд жилүүдээс сайн хийсэн. Энэ жил Монгол Улсын Засгийн газраас манай суманд зөөврийн банн олгосон. Үүний тусламжтайгаар, мөн аймгийн МЭГ-ын дэмжлэгтэйгээр мал угаалгаа хийж, бүх малаа хамруулаад байна. Малын тарилга, вакцинуудыг төлөвлөгөөний дагуу хийгээд явж байна.

-Дарьгана сум бол Сүхбаатар аймгийн хадлангийн гол бүс нутаг. Энэ жил танай суманд хэчнээн хадлангийн салаа гарсан бэ?

-Суманд аймгийн Засаг даргын захирамж, БОАЖ-ын сайдын зөвшөөрлийн дагуу аймгийн нөөцийг бэлтгэхээр 2000 га газарт 6-7 хадлангийн салаа гарсан. Сум мөн 2000 га талбайд 10-аад хадлангийн салаа гаргасан. Энэ жил Дарьганга суманд ургамлын гарц сайн байгаа учир өвсний асуудал боломжийн байна. Ер нь сүүлийн хоёр жилд зах замбараагүй байсан хадлангийн асуудал цэгцэрч, энэ нь ч малчдын талархлыг их хүлээгээд байгаа. Хэн хүссэн нь ирээд хэдэн мянган боодол өвс хадаад явдаг асуудал үгүй болсон.

-2019 онд Дарьганга суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэд хэдэн томоохон ажлууд хийхээр тусгагдсан. Эдгээр ажил хэрхэн өрнөж байна вэ?

-Тийм ээ. Сумын эрүүл мэндийн төв шинээр ашиглалтад ороод үйл ажиллагаагаа явуулж байна. Бид дулааны шугам болон бохирын шугамыг хараахан хүлээж аваагүй, удахгүй хүлээж авна. Улсын төсөвийн хөрөнгө оруулалтаар Ганга нууранд хоёр тэрбум төгрөгийн ажил хийхээс энэ жил нэг тэрбум төгрөгийн ажлыг хийх естой. Нэн тэргүүнд Ганга нуурын ойр орчмоос нүүсэн малчдын худаг усны асуудлыг шийднэ. Энэ хүрээнд шинээр 10 худаг гаргахаас нэг худгийг гаргасан, хоёр дахь худгаа өрөмдөж байна. Дарьганга хүүхдийн зусланд мөн хоёр тэрбумын ажил хийнэ. Зураг төслийг нь хийнэ гээд өнгөрсөн наймдугаар сард хүмүүс ирээд явсан. Удахгүй тендер нь зарлагдах юм билээ. тэгэхээр ондоо багтаад юм уу эсвэл бүр ирэх хавраас ажил нь эхлэх болов уу. Үүнээс гадна өнгөрсөн жил, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэг тэрбум төгрөгийн өртөгтэй, засмал замын ажил хийсэн. Одоогоор бүрэн дуусаагүй, 60 гаруй хувьтай байгаа. Төлөвлөсөн хөрөнгө нь хүрээгүй учир түр зогссон, ирэх жил улсын төсөвт суулган үргэлжлүүлэн хий

эхээр төлөвлөж байгаа.

-Дарьганга сум ядуурлыг бууруулах чиглэлээр үр бүтээлтэй ажиллаж байгаа талаар сонссон. Энэ арга туршлагаасаа хуваалцаач?

-Бид аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу олон төсөл хөтөлбөрийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, хүнийг ядуурлаас гаргахад гол анхаарлаа хандуулан ажиллаж  байна. Бид нэгэнт л төрийн ажлыг хийж байгаа бол иргэддээ аль болохоор дэмжлэг үзүүлэх, цаашлаад олсон илүү орлого мөнгийг төсвийн алдагдлыг нөхөх биш иргэд рүүгээ чиглэсэн ажилд түлхүү зарцуулъя гэсэн зорилго тавин ажиллаж байгаа.  

Энэ жилийн хувьд Засаг даргад өргөдөл гаргасны дагуу зургаан өрхөд шинээр өргөө цагаан гэр олгоод байна. Үүнийг бид зөвхөн өөрсдийнхөө орлого давсан мөнгөөр шийдсэн. Мөн есөн өрхийг малжуулаад байна. Үүнийг мөн л өөрсдийн нөөц болоцоогоор хэрэгжүүлж байгаа.  Энэ нь ямар ч буцалтгүй тусламж бөгөөд өрс тус бүрт нэг сая 500 мянган төгрөгийн өртөг бүхий 30 толгой бог олгосон. Мөн аймгийн ХХҮГ-аас манай суманд гурван дугуйтай зөөврийн мотоцикл олгосон. Үүнийг ажилгүй таван хүнд хариуцуулаад тэднээр нийтийг хамарсан ажил хийлгэж байна. Гэр бүл хүүхэд залуучуудын газарт бүртгэлтэй, заавал хөгжүүлэх 13 өрх манай суманд байгаагаас бид 11 өрхийг ийнхүү тодорхой хэмжээгээр хөгжүүлж, ажилтай, орлоготой болгоод байна. Дахин хэлэхэд бидний гол зорилго бол олсон орлогоосоо төсвийн алдагдлыг нөхөх биш сум орон нутгийнхаа хүүхэд залуучуудын сайн сайнхны төлөө зориулахаар төлөвлөн ажиллаж, эхнээсээ хэрэгжин үр дүнгээ өгөөд байна.

-Энэхүү дэмжлэг төрийн албан хаагчдад ч хамаарах уу?

-Тэгэлгүй яахав. Энгийн ард иргэдээс гадна төрийн албан хаагчид, тэр дундаа багш, эмч нарын асуудлыг нэлээн харж үзье гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ жил манайх бүрэн дунд сургууль болсон. Үүнтэй холбоотойгоор зөвхөн энэ жил таван багш шинээр ирсэн. Ойрын хэдэн жил ийм олон шинэ багш ирээгүй. Тиймээс хөдөө орон нутаг руу зориг гарган ирж байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Ингэж байж залуу боловсон хүчнээ тогтоох, тэдний ур чадварыг ашиглаж чадна шүү дээ.  Багш сурагчид маань чуулганаа хийж, тодорхой асуудлыг хэлэлцэн, хэрхэх талаар бидэнд ярьж тохирсон зүйлүүд бий.

-Дарьганга сумын нэг онцлог бол Сүхбаатар аймгийн аялал жуучлалын гол бүс нутаг. Энэ бол танай хамгийн том давуу тал. Гэхдээ үүнийгээ яг үр дүнтэй ашиглаж чадаж байна уу гэвэл үгүй. Та үүнтэй санал нийлэх байх?

-Санал нийлэлгүй яахав. Аялал жуулчлал жинхэнэ утгаараа манайд хөгжөөгүй. Олон мянган хүн ирээд буудалд хоносноороо аялал жуучлал хөгждөггүй. Гол нь  тэр жуулчин хүн ирээд юу үзэж харах вэ, очоод бусаддаа юу ярих вэ гэдэг л чухал. Манайд суур нь байна, үзэж харах зүйл их байна. Гэвч ашиглаж чадахгүй байна. Жишээлбэл, Хоргын тогоо руу гарахад л нэг хүн 15000 мянган төгрөг, зураг авахуулахад 18000 төгрөг гээд үүнийг нь тогтмол нэг хүн хариуцаж, жуулчдад үйлчилдэг болох хэрэгтэй байгаа юм. Яг энэ чиглэлээр ажиллах хүнд төрөөс дэмжлэг үзүүлье гэж бодож байгаа.

Бидний дараагийн ажил бол Дарьганга суманд байгаль, түүх өв соёлын музейтэй болох явдал юм. Үзүүлж харуулах юм их байгаа ч нэгтгээд, хадгалаад байх сав нь бидэнд алга. Соёлын төвийн дэргэд сумын музей байдаг ч энэ их өв соёл, дурсгалтай нутагт нэг танхим багадана шүү дээ. Бидэнд зөвхөн Сүхбаатарчуудын төдийгүй Монголчуудын өв соёл, түүхийн баримтууд байна. Тиймээс зөвхөн Дарьгангын музейг үзэх гэж хүмүүсийг ирдэг болгоё л доо. Бид ийм л том зорилго тавин хөөцөлдөж байна.

Сум орон нутгийн зүгээс ийнхүү бодож төлөвлөн, шийдвюэрлэж чадах асуудлыг дотооддоо шийдээд явж байна. Харин төрийн зүгээс энэ тал дээр онцгойлон анхаарах л шаардлагатай байна. Аймгийн Засаг даргын мөрийн хөтблөрт тусгагддаг ч дорвитой ажил хэрэг болж чадахгүй байна. Уг нь бид энэ давуу талаа бүрэн ашиглаж чадвал Дарьганга сум, Сүхбаатар аймаг цаашлаад Монгол Улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэж, тэр хирээр орлого орох юм шүү дээ.

-Баярлалаа.

 

Холбоотой мэдээ