Нобелийн шагнал хүртэх зохиолчийг энэ сарын 10-нд зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-10-07 13:25:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Шведийн нийслэл Стокхолм хотноо Нобелийн долоо хоног  эхэлж, физиологи, анагаах ухааны салбарын нэр дэвшигчдийг зарлана. Энэ жилийн Нобелийн долоо хоногийн онцлог нь 2018 болон 2019 оны уран зохиолын салбарын хоёр шагналтныг тодруулах юм.

Аравдугаар сарын 10-ны өдөр буюу ирэх пүрэв гарагт Нобелийн шагнал хүртэх хоёр зохиолчийг зарлана. Уг шагналд Монголын зохиолч Д.Урианхайг хоёр дахь удаагаа сойгоод байгаа билээ.

Нобелийн шагналыг хүртээдэг Шведийн академи өнгөрсөн оны тавдугаар сард уран зохиолын салбарын Нобелийн шагналтныг тодруулахыг хойшлуулах шийдвэр гаргасан. Нэр дэвшигчдийн тоо цөөрсөн болон тус академийн гишүүн яруу найрагч Катарин Фростенсоны нөхөр, урлагийн нэрт зүтгэлтэн Жан-Клод Арног олон эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн шуугиан дэгдсэний улмаас хэмээн шалтгааныг  нь тайлбарласан.

Нобелийн утга зохиолын шагналыг 2017 онд Япон гаралтай англи хэлт зохиолч Казүо Ишигүро хүртсэн бөгөөд нийтдээ  114 зохиолч энэхүү нэр хүндтэй шагналыг хүртээд байгаа юм.

Холбоотой мэдээ