Хонконгийн метроны хөдөлгөөнийг хэсэгчлэн сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-06 12:44:34

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хонконгийн метроны хөдөлгөөнийг хэсэгчлэн сэргээсэн тухай тус онцгой бүсийн Засгийн газрын цахим хуудсанд мэдээлжээ.

 

Метроны засварыг үргэлжлүүлэхийн тулд 21:00 цагт хаах бөгөөд зорчигчдод зөвхөн буудлуудын тал нь /95-аас 45 нь/ нээлттэй байх аж.


Баасан гарагт Хонконгт олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болсны дараа метрог хаасан юм. Олон буудал, галт тэргийг эвдэж сүйтгэсэнтэй холбоотойгоор аюулгүй байдлыг хангах үүднээс ийм шийдвэр гаргажээ. Эрх баригчид бямба гарагт аэроэкспрессээс бусад хөдөлгөөнийг сэргээхгүйгээр байхаар шийдсэн юм.


Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лам эсэргүүцлийн жагсаал болон олон нийтийн бусад цуглааны үеэр баг өмсөхийг хориглох шийдвэр гаргаснаа баасан гарагт мэдэгдсэний дараа олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхэлсэн юм. Орон нутгийн цагаар баасан гарагийн шөнө дундаас хэрэгжиж эхэлсэн хоригийг зөрчсөн тохиолдолд нэг жил хүртэл хорих эсвэл 25 мянган хонконг доллароор торгуулж болзошгүй байна. Жагсал цуглааны үеэр баг өмсөхийг хориглосныг эсэргүүцсэн жагсаал бямба гарагт үргэлжилсэн бөгөөд эмх замбараагүй байдал гараагүй байна. Жагсагчдын дийлэнх нь хар хувцас, амны хаалт зүүсэн байжээ. 

Холбоотой мэдээ