"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-10-06 12:13:21

ПАРИС. /France Info/. “Шар хантаазтнууд” хөдөлгөөнийг дэмжигчид байгаль орчныг хамгаалах байгууллагуудын идэвхтнүүдтэй хамтран бямба гарагт Францын нийслэл Парис хотын зүүн хойд хэсэгт эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан байна.


Парис хотын 13 дугаар тойрогт болсон жагсаалын үеэр “шар хантаазтнууд”, “Extinction Rebellion” байгууллага болон “Уур амьсгалын төлөө тэмцэгч залуус” холбооны төлөөлөгчид жагсаал зохион байгуулж байсан талбайд орших худалдааны төв рүү дайран орсон байна. Худалдааны төвийн нэг давхрыг эзлэн авсан идэвхтнүүд “Нөөц баялгаа сэргээцгээе!” “Үндэстэн дамнасан компаниуд-Зогсоцгоо” гэсэн уриа бүхий зурагт хуудсуудыг барьсан байжээ.


“Иймэрхүү газрууд нь зэрлэг ан амьтдын ертөнцийг сүйтгэж буй үйлдвэрлэлийн бэлгэ тэмдэг учраас бид энд ирсэн” гэж жагсаалд оролцогчдын нэг цохон хэлсэн байна.


Эсэргүүцлийн ажиллагааны үеэр жагсагчид болон худалдааны төвийн хамгаалагчид хоорондоо хэд хэдэн удаа мөргөлджээ. Хамгаалагчид идэвхтнүүдийг тараахыг нэг цаг гаруй оролдсон байна. Нөхцөл байдалд цагдаа нар оролцож эхэлмэгц жагсагчид худалдааны төвийг орхин гарчээ.


Холбоотой мэдээ