МЭДРЭХҮЙГ НЭЭХҮЙ

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2019-10-04 20:54:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


I.


Дэлхийн хамгийн үнэтэй уран зургийн жагсаалтанд Жексон Поллокийн “Номер 5”, Давид Геффаны “Эмэгтэй 3” гэсэн зургууд багтсан байдаг. Эд хоёулаа л экспрессонист, абсракт зураачид. Харин Поллокийн зураг нь контемпорари урлагт оруулсан хувь нэмрээрээ илүү үнэлэгддэг. Гэвч уран зургийн энэхүү төрөл зүйлийн эхлэлд ямагт нэрт зураач Василий Кандинский зогсдог. Тэрээр 1910 онд абсракт зураг бүтээж байв.


Эгшин бүрт урсаж өнгөрөх цаг мөчүүдэд аливаа зүйлсийг эхнээс нь эхэлж давтан хийж болно. Сонгодог уран зургуудыг хэдэн сая хувиар нь хуулбарлаад зурчихдаг шүү дээ. Харин абсракт зургийн хувьд тийм боломж байхгүй. Тухайн агшинд төрсөн сэрэл мэдрэмж, зураачийн гарын хөдөлгөөн, хавтан дээр үүссэн өнгө будгийн зохицол, гоёмсог техник ажлуудыг яг адилхнаар дахин бүтээж болдоггүйгээрээ энэ төрөл онцлогтой.


Тиймдээ ч абстракт урлаг нь юмс үзэгдлийг нь байгаагаар нь дүрслэн харуулах урлагийн миметик үзлээс ямагт татгалзаж өнгөний синтез, адилтгал болоод илэрхийлэх шинж чанар дээр тулгуурлан хийсвэр дүрслэл, тэдгээрийн тоо томшгүй зохилдолгоог өргөнөөр ашиглаж ирсэн билээ.


Энэ бүхнийг дурдсаны учир нь саяхан МУЭ-ийн гишүүн, зураач Б.Батжингийн “Мэдрэхүй” абстракт зургийн үзэсгэлэн Зайсан хилл цогцолборын “ArtiCour” галерейд нээгдсэн юм. Үзэсгэлэн нь энэ сарын 14-ийг дуустал үргэлжлэх бөгөөд тухайн зураачийн улирал болгоноос өөрт нь мэдрэгдэх өнгөний зохицолуудыг зургууд нь илтгэн харуулна.




Зураач Б.Батжин нь 2009 онд СУИС-ийн Дүрслэх Урлагийн Дээд сургуулийг уран зураачаар дүүргэсэн бөгөөд 2012 онд АНУ-ын Миссурын Их сургуульд магистрын зэрэг хамгаалж, мөн Чикаго хотын “BIR сургуульд суралцаж мэргэжил дээшлүүлсэн байна. Тэрээр Германы, АНУ, Швейцарь зэрэг улс орнуудад бие даасан болон хамтарсан 20 гаруй үзэсгэлэн гаргаж байв.


Урлаг үргэлж л шинэ байх ёстой. Үгүй бол “урлаг” хэмээх мөн чанар орхигдоно. Хувь уран бүтээлч өөрт нь буй бүхий л чадварыг ашиглаж нэг л төрөл зүйлийг илүү шинэлэг, улам төгөлдөржүүлдэг нь ч бий. Мөнхүү аль ч изм, жанраар туурвисан давтагдашгүй онцлог, өөрийн арга барилыг ямагт хадгалж байдаг.  Далд ухамсар буюу төсөөллийн гүн дэх бодит биелэл нь бүх урлагийн амин сүнс болсоор ирсэн. Одоо ч тэр хэвээрээ байгаа. Бүхий л урсгал чиглэлүүд үүнд захирагдаж шинэ арга техник, шинэ сэтгэлгээг бий болгож түүнийгээ нээж чадсан хүмүүс хүн төрөлхтнийг гайхшруулсан хэвээр. Харин би яг одоо тэдгээр шинэ сэтгэлгээний нэгийг нь хараад зогсч байна.


II.




Улирал бүхэн өөр өөрийн өнгөтэй байдаг. Харин Б.Батжин зураачийн бүтээлүүд өөр өөрийн өнгөтэй. Тэр нь мэдээж байгалийнх, сэтгэл хөдлөлийнх, агшин зуурт төрсөн мэдрэмжийнх гээд хуваагдал нь олон.


Жишээлбэл “Зун” хэмээх зурагнаас бүдэг болоод тод ногоон, цэнхэр ногоон гэсэн өнгө давамгайлсан харагдана. Мэдээж зургийн дэвсгэр нь эхлээд бүхэлдээ ногоон байсан мэт мэдрэмжийг өгч байна. Бусад өнгөнүүдийн нийлмэл нь ч тэр зуны цэцэгс, хурц нарны туяаг эрхгүй цацраана. Харин эцэстээ бүхлээр нь харвал эрвээхэй шиг дүрс үүсгэсэн нь тодхон. Аливаа бүтээл ямарч хэлбэр дүрстэй байсан утгагүй хоосон, хиймэл зураасны цуглуулга байх ёсгүй. Сайн ажиглаад харвал хүнд зуны улирлаас таашаан хүртэж болох бүхий л мэдрэмжийг нууцалсан ийм л бүтээлүүд өөрийн гэсэн хөдөлгөөн, “жинхэнэ амьд чанар”-тай байдаг.




Цаашилбал үзэсгэлэнгээс “Эрч” хэмээх зургийг онцлон дурдууштай. Дэвсгэр өнгө нь хар. Үүн дээр цагаан өнгөний хослолыг бийрийн үзүүрийн дагуу тодоор гаргаж өгөхөд зураг дээр өөрийн гэсэн давтагдашгүй  хөдөлгөөн нь илрэнэ. Мэдээж тус зургийн энэхүү эрчимлэг хөдөлгөөн юуных ч байж болно. Урлагт ямар нэг тодорхой хариултгүй “асуулт” заавал байх хэрэгтэй.




Дараагийн ярих зүйл бол аялгуу. Зохиолч хүнд үгс аялгуу мэт санагддаг бол зураач хүний сэтгэлд эгшиглэх аялгуу нь будаг, зураас хоёр байж таарна. Харин хөгжимчин хүнд “нот” хэрэгтэй. Гэвч урлаг өөрөө бүхэллэг чанар, нууцын мөн чанарынхаа дунд жинхэнээр бүтээгдэж чадвал бүтээл болгон үзэгчдийн өмнө эгшиглэж чадна. Тус үзэсгэлэнгийн “Өвлийн үзэгдэл”, “Цаглашгүйн цагаан”, “Цэнхэр уянга” зургуудаас яг л аялгуу дуурьсах шиг мэдрэмж төрж байв. Өдөр болгон өөр өөрийн гэсэн өнгө, аялгуу, сэтгэл догдлуулсан учралуудтай байдаг. Түүн шиг зураг бүхэн гэсэн эгшигтэй байх нь тийм ч гайхмаар зүйл биш. Мэдээж абстракт зургийн хувьд бүр огтхон ч гайхах зүйлгүй. Абсракт ахуй хоёрыг нэгтгэсэн бүтээлүүдээрээ өөрийгөө тодорхойлж чадсан зураач Э.Отгонбаяр “Хүн” хэмээх бүтээлийнхээ сүүлчийн зурлагийг үзэсгэлэнгийнхээ нээлтэн дээр морин хуурын татлагатай хамт зурж гүйцээсэн жишээ ч манайд бий.




Абстракт зурагт өөрийн гэсэн хэв маяг, урсгал жанрт нь олгочихсон онолын тодорхойлолтууд ч бий. Харин мэдрэмжийн хувьд энэ измд ямарч тодорхойлолт зохихгүй. Яг оноод хэлчихмээр тайлбаргүй бүтээл л жинхэнэ урлагийн амин сүнсийг дотроо тээсэн байдаг ч билүү дээ. Цаг хугацааны уртад элэгдлээ ч дахин хэзээ ч хуулбарлагдахгүй орь ганцхан бүтээлүүд “ArtiCour” галерейд байна. Дотогш ороод үзье гэмээнэ үүд нь үргэлж нээлттэй. Харин миний хувьд өнөөдөр мэдэрсэн минь хангалттай. 



Холбоотой мэдээ