“Ногоон паспорт ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2019-10-05 22:47:33

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Ногоон паспорт ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгууллаа.

Нээлтэд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа нар оролцож аймгийн эко клубын 150 гаруй сурагч, нутгийн иргэдтэй хамтран 3.5 га газарт 11 төрлийн 500 гаруй суулгацыг тарилаа.

Тус  цэцэрлэг нь өсвөр үеийнхнийг байгаль орчныг хамгаалах, цөлжилт, элсний нүүдэл, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг мод тарих ажилд биечлэн оролцох, улмаар ойг танин мэдэх, ойн мэргэжлийг сонирхон судлахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор тухайн бүс нутгийн онцлогт тохирсон 10-18 зүйлийн  голт бор, боролзгоно, хайлаас, монос, өрөл, хус, шар хуайс, гүйлс, долоогоно, үхрийн нүд, чацаргана зэрэг модлог ургамлын суулгацыг хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны системийн хамт дүүрэг, аймаг бүрт байгуулж буйгаараа онцлог юм.

Энэхүү бичил цэцэрлэг нь суурин газрын орчин суугчдын эрүүл, таатай амьдрах орчныг бүрдүүлэх үүрэгтэй “хотын ой” гэх ойлголтод багтах ойн зурвас бөгөөд ой модыг танин мэдэх агуулгатай модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг аж.



Холбоотой мэдээ