А.Хайрат: Уран зургаар дамжуулан эх орноо гадаад, дотоодод сурталчилна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-10-03 22:22:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Орон нутаг судлах музей, Монголын урчуудын эвлэлийн аймаг дахь салбар хамтран "Бүргэдийн хараа" /Eagle sight/ олон улсын уран зургийн үзэсгэлэнг өнөөдөр Өлгий хотод зохион байгууллаа.

УИХ-ын гишүүн Д.Муратын ивээл дор гаргасан уг үзэсгэлэнд Улаанбаатар хот, Баян-Өлгий аймаг болон ОХУ, Бүгд Найрамдах Казахстан улсын 20 гаруй зураачийн 50 бүтээлийг тавьжээ.

"Жил бүрийн 10 дугаар сард тус аймагт зохион байгуулдаг Бүргэдийн баярыг угтаж хийсэн ажил болохоор үзэсгэлэнгээ "Бүргэдийн хараа" хэмээн нэрлэсэн. Үүнд УИХ-ын гишүүн Д.Мурат санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байгаа. Үзэсгэлэнд ОХУ-аас дөрөв, Казахстан Улс болон Улаанбаатар хотоос тус бүр хоёр зураач ирж оролцсон. Бусад нь орон нутгийн уран бүтээлчид байгаа. Голдуу нүүдэлчдийн ахуй амьдрал, бүргэд, Монгол орны байгалийн сайхныг харуулсан уран зургууд болон товгор зураг, баримлуудыг дэлгэн үзүүллээ. Бидний гол зорилго бол уран зургаар дамжуулан эх орноо гадаад, дотоодод сурталчлах, бусад орнуудын уран бүтээлчидтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, зураачдын ур чадварыг хөгжүүлэхийг гол  зорилгоо болгосон" гэдгийг үзэсгэлэнгийн менежер, зураач  А.Хайрат онцоллоо.

"Бүргэдийн хараа" /Eagle sight/ олон улсын уран зургийн үзэсгэлэнг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгааг тэрээр илэрхийллээ.

      

Холбоотой мэдээ