АНУ-аас ОХУ-д суугаа Элчин сайд Жон Хантсман үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /TASS/. ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жон Хантсман үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд нутаг буцаж байна. Тэрбээр удахгүй АНУ руу нисэх гэж байгаа тухай энэ талаар мэдээлэлтэй эх сурвалж ТАСС агентлагт мэдээлжээ. Түүнийг нутаг буцаж байгаатай холбогдуулан нисэх онгоцны буудал эсвэл ЭСЯ дээр ёслолын арга хэмжээ зохион байгуулахгүй байна.
Хантсманы залгамжлагч Москвад удахгүй ирэх гэж байгаа боловч нэр нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Сүүлийн хоёр жил хүйтэн дайны үеэс хойших Москва, Вашингтоны харилцаан дахь хамгийн хүнд хэцүү үе байсан гэж дипломатч үзэж байна. “Гэвч намайг ирэхэд хаагдсан байсан холбоо харилцааг бид хадгалж үлдэж чадсан. Бид цөөхөн бүрэлдэхүүнтэй хэдий ч ажлаа үргэлжлүүлж байгаа ЭСЯ-аа авч үлдсэн. Бидний зорилго бол хоёр талын маш чухал харилцааг тогтворжуулах юм. Зорилгодоо хүрэхийн тулд бид шаргуу ажиллаж байгаа бөгөөд хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ” гэж тэрбээр урьдчилан хорих "Лефортово" төвд АНУ-ын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдсан Пол Уилантай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдэгджээ.
Хантсманыг 2017 оны 10 дугаар сард ОХУ дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнээр томилжээ. Тэрбээр 2019 оны наймдугаар сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад огцрох хүсэлтээ өгсөн билээ.