Сүм хийд, шашны байгууллагуудын үйл ажиллагаанд шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 21:10:19

Сүм хийд, шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт явуулах тухай Сэлэнгэ аймгийн Засаг даргын А/93 тоот захирамж гарлаа.

Уг захирамжид аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн сүм хийд, шашны байгууллага, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээд, сургууль, цэцэрлэг, асрамж, халамжийн төвүүдийн талаар дэлгэрэнгүй судалж, бүртгэлжүүлэхийг заажээ. Мөн шашны төрөл, урсгал чиглэл, байршил, бусад үйл ажиллагааг нь тогтоож, тэдгээрийн талаар мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх ажлыг хийх аж. Энэхүү аймаг, сумдад хяналт шалгалтыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчаар аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамцыг томилж гишүүдэд аймгийн Цагдаагийн газрын дарга, аймгийн Тагнуулын газрын дарга, аймгийн ИХШХГ-ын дарга, аймгийн БСГ-ын дарга, аймгийн УБСГ-ын дарга, МХГ, Гааль, татварын газрын Татварын хэлтсийн дарга нар болон аймгийн ИТХ-ын шашны асуудал хариуцсан ажилтан нарыг тус тус томилсон байна.

Сумдад ажлын хэсгийн ахлагч нь сумдын Засаг дарга нар байх бөгөөд гишүүдэд сумын Засаг даргын орлогч, ИТХ-ын нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга нар, сумдын ЗДТГ-ын төрийн захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, татварын улсын байцаагч, улсын бүртгэгч, хэсгийн төлөөлөгч, сургуулийн нийгмийн ажилтан нар байх юм байна. Энэхүү ажлыг аймгийн хэмжээнд энэ сарын 05-наас 12-ны өдрүүдэд зохион байгуулах аж. 

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ