Хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-10-02 13:40:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахин өнөөдөр Олон улсын хүч үл хэрэглэх өдрийг тэмдэглэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2007 оны зургадугаар сарын 15-ны өдрийн шийдвэрээр 10 дугаар сарын 2-ны өдрийг хүчирхийллийн эсрэг олон улсын өдөр болгон зарласан юм. Энэ өдөр нь Энэтхэгийн ард түмний оюун санааны удирдагч, ХХ зууны суут сэтгэгчдийн нэг Махатма Ганди (1869-1948)-тай холбоотой юм.

Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, аугаа тэмцэгч, хүч үл хэрэглэх онолын эцэг  Махатма Гандийн төрсөн өдрөөр дэлхий дахин Олон улсын хүч үл хэрэглэх өдрийг тэмдэглэх болсон юм.

Хүчирхийллийг тэвчих сургаалийг насан эцэстлээ номлож ирсэн Махатма Гандийн сургаалийг түүний хэлсэн "Эхэндээ тэд чамайг үл тооно, дараа нь шоолж инээнэ, тэгээд чамтай тэмцэлдэж эхэлнэ, түүний дараа чи ялна", "Маргааш үхэх юм шиг амьдар. Мөнхөд амьдрах юм шиг суралц" гэсэн алдарт үгнүүд илэрхийлдэг.

Энэ аугаа хүний анх дэвшүүлж байсан эсэргүүцлийн тэмцэлд хүч үл хэрэглэх тухай сатьяграха хэмээх номлолыг дэлхийн олон орон дэлгэрүүлж байсан юм. Өмнөд Африкийн удирдагч Нельсон Мандела чухам түүний хүч үл хэрэглэх онолыг даган хэрэгжүүлж байлаа.

2000 онд Би-би-си агентлагаас британичуудын дунд явуулсан асуулгаар Махатма Гандийг “Мянганы хүн”-ээр өргөмжилж байв.

Холбоотой мэдээ