Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-10-02 12:07:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний удирдагч, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч,  хүч үл хэрэглэх онолын эцэг Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр Монгол Улсад суугаа Энэтхэгийн ЭСЯ-наас Улаанбаатар хот дахь Махатма Гандийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлэв.

Зочид төлөөлөгчид Махатма Гандийн хөшөөний өлмийд энэтхэг заншлаар цэцгийн дэлбээ цацаж лам нар ном хурсан юм.

Махатма Гандийн энхтайван, тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэл, эсэргүүцэл, үзэл санааг сая сая энэтхэгчүүд хүлээн авч дэмжсэнээр Энэтхэг улс дэлхийн II дайны дараа бие даасан улс болсон билээ. НҮБ 2007 онд түүний төрсөн өдөр болох 10 дугаар сарын 2-ны өдрийг “Олон улсын хүч үл хэрэглэх өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм. Үүнээс хойш Энэтхэгийн ард түмэн түүний мэндэлсэн өдрийг бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгож, түүний номлол сургаалийг залуу үедээ таниулахыг зорьж ирсэн юм. Эл өдөр Энэтхэг улсад Махатма Гандийн дурсгалд зориулан хөшөө, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ном хурснаар баярын өдөр эхэлдэг байна. Энэхүү ёслолд тус улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон жирийн иргэд, улс төрийн бүх гишүүн оролцдог заншилтай аж. Энэ өдрийг дэлхийн 192 оронд зэрэг тэмдэглэдэг аж.

Харин манай улсад 2007 онд түүнд зориулж Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Махатма Гандийн хөшөө босгосон. Энэ нь манай улсын түүх соёлын үл хөдлөх дурсгалд тооцогддог юм.

Цэцэг өргөх ёслолыг Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх нээсэн. Тэрбээр хэлэхдээ, “Энэ өдөр дэлхийн энхтайвны элч, хүч үл хэрэглэх зарчмыг эрхэмлэгч Махамта Гандийн мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. Энэ аугаа хүн буддын болон хинди шашны сургаалийг амьдралдаа хэрэгжүүлж өөрийн биеэр үлгэр жишээ үзүүлж ирсэн юм. Түүний философи нь маш энгийн, хүн төрөлхтөн мөр зэрэгцэн эвтэй амьдрах сургаал юм. Энэхүү сургаалыг бид өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх боломжтой” хэмээн тодотгож байв.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, "Энэтхэгийн Засгийн газар, Ерөнхий сайд санаачлан байгаль орчноо цэвэр ногооноор нь ирээдүй хойч үедээ өвлүүлэхийн тулд хуванцар савнаас татгалзах уриалга гаргасан"-ыг онцлоод бүх нийтээрээ энэхүү уриалгыг хамтран хэрэгжүүлэхээ илэрхийлсэн юм. 

Цэцэг өргөх ёслолд Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн, Дашчойлин, Бэтүб хийдийн лам нар, Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуулийн оюутнууд, Монгол Улсад суугаа Энэтхэг улсын иргэд оролцов.

Махатма Гандийн мэндэлсний 150 жилийн ойг угтан Монгол Улсад суугаа Энэтхэгийн ЭСЯ-наас энэ жил манай улсад олон үйл ажиллагаа зохион байгуулжээ. Тухайлбал, Махатма Гандийн тухай эрдэм шинжилгээний хурал, 21 аймагт сурагчдын зургийн уралдаан зохион байгуулсан бол дэлхийн байгаль орчны өдрөөр 700 мод тарьснаас 150 модыг түүний дурсгалд зориулан тарьжээ. Мөн оюутан сурагчдад Махатма Гандийн талаар мэдээлэл сурталчилгааны ажил, Автомашингүй өдрөөр дугуйн парад зохион байгуулсан байна.

Өнөөдөр Монгол, Энэтхэгийн Засгийн газар хамтран Махатма Гандийн дурсгалд зориулан шуудангийн марк гаргаж байна.  Уг маркны нээлт ГХЯ-нд болох юм. Мөн түүний дурсгалд зориулан удахгүй гэрлийн баяр зохион байгуулах аж.




Холбоотой мэдээ