Тост, Тосон бумбын нурууг хамгаалах менежментийн төлөвлөгөө боловсруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-10-01 22:17:35

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын байгаль хамгааллын менежментийн төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн төв Даланзадгадад боллоо.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг шинэчлэн баталсан билээ. Үүнтэй холбоотойгоор нөөц газрын хамгаалалтын менежментийг хэрхэн авч явах талаар ийн хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Тус хэлэлцүүлэгт Гурвантэс сумын удирдлагууд, Тост багийн малчдын долоон нөхөрлөлийн төлөөлөл, аймгийн БОАЖГ, Ирвэс хамгаалах сан, Дэ нэйче консерванси байгууллага, Говийн оюу хөгжлийг дэмжих сан зэрэг байгууллага оролцлоо.Мөн Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулж буй уурхайн төлөөлөл иржээ.

Өмнөговь аймгийн БОАЖГ-ын дарга Б.Пүрэвтулга хэлэхдээ "Уул уурхайн компаниуд ижил төстэй газарт биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах хөтөлбөр хэрэгжүүлдэг. Нарийн сухайтын орд дээр үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн дөрвөн компани бүгд Тостын нуруунд дүйцүүлэн хамгаалахаар сонгосон байгаа. Тэд тус тусдаа үйл ажиллагаа явуулдгийг нэгтгээд хамтарсан нэгдсэн бодлогоор явуулахаар ийн ажиллаж байна" гэлээ. 

Гурвантэс сумын иргэд энэхүү ажил дээр иргэдийн төлөөлөл түлхүү оролцох ёстой гэсэн байр суурьтай байгаа ажээ. Тэдний хэлж байгаагаар уул уурхайн компаниуд дүйцүүлэн хамгаалах ажил хийсэн гэдэг боловч үүнд иргэдийн хяналт оролцоо сул байдаг гэж байлаа. 

Холбоотой мэдээ