МУИС-ийн шинэ технологийн бүтээгдэхүүнийг "Рио Тинто Монгол” ХХК дэмжин ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2019-10-01 16:17:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Рио Тинто Монгол” ХХК МУИС-ийн багш, оюутнуудын бүтээж буй шинэ технологийн бүтээгдэхүүнийг дэмжин хамтран ажиллахаар боллоо.

Хамтран ажиллах санамж бичигт МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, “Рио Тинто” группийн Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч, хатагтай Симон Нивен нар өнөөдөр МУИС-ийн төв байранд гарын үсэг зурлаа.

Мөн старт-ап буюу гарааны компаниудыг хөгжүүлэх хөтөлбөрийн гэрээнд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал болон “Рио Тинто” компанийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Х.Амаржаргал нар гарын үсэг зурсан юм.


Хамтын ажиллагааны талаар МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсалаас тодруулбал, “Манай сургууль дээр бий болж буй шинэ технологи бүхий бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор “Рио Тинто”-той гурван чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Нэгд, бид “Старт-ап” хөтөлбөрийн хүрээнд багш, оюутнуудыг сургаж, бизнес төлөвлөгөө хийхэд туслаж, багш-оюутнуудаас бүрдсэн 10 багийг шилж тэдний бүтээж буй бүтээгдэхүүн, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин ажиллаж байна. Энэ хөтөлбөр 2017 оноос хэрэгжиж байгаа юм. Хоёрт, оюутнуудыг Оюутолгой зэрэг томоохон компаниудын ажлын байранд дадлагажуулж байхаар боллоо. Гуравт, МУИС дээр байнга болдог олон нийтэд чиглэсэн цуврал лекцүүдийг тус тус дэмжин ажиллахаар боллоо” гэв.


Түүний хэлснээр МУИС-ийн “Старт-ап” хөтөлбөр дээр “Старт Лаб” хөтөлбөр нэмэгдэж байна. 2020 оноос хэрэгжиж эхлэх уг хөтөлбөрт “Рио Тинто” ХХК нийт 30 сая төгрөгийн санхүүжилт олгож байна.

Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үеэр МУИС-ийн дэргэд байгуулж буй гарааны компаниудыг төлөөлж “Дижитал солюшнс” болон МБФ компанийн төслийн багийн гишүүн багш, оюутнууд өөрсдийн хөгжүүлж буй технологийн шийдлээ танилцуулсан юм.

Тухайлбал, энд “Дижитал солюшнс” ХХК байгалийн үзэгдлээс аваад орчны мэдээллийг цуглуулж өөрийн орчноо тохируулж залах зориулалттай виртуал симуляторын цогц системийн удирдлагаа танилцуулав. Энэ нь мэдээллийн технологи, компьютер ашиглан бодит орчинг бий болгосноор боловсролын сургалтаас эхлээд судалгаа шинжилгээ, аж үйлдвэрийн салбарт ашиглах цогц систем болох юм.


Харин МБФ (MBFu-Mongolian Bio Future) компани амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, өвчин үүсгэгч бактериуд болон антибиотикт тэсвэржсэн нян бактерийг устгах үйлчилгээтэй, ургамлын гаралтай ам зайлагч бүтээгдэхүүнээ танилцууллаа. Энэхүү бүтээгдэхүүн нь Монголын Улсын шинэ бүтээлийн ашигтай загварын гэрчилгээг авч “Нахиа” эмийн үйлдвэр МУИС-тай хамтран ирэх оноос зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.



Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ