БНХАУ-ын Төрийн дээд одон гардуулах ёслол болов

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-10-01 15:53:31

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан тус улсын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа зүтгэлтнүүдэд тус улсын төрийн дээд шагнал болох Төрийн дээд одон, Төрийн яруу алдрын одон гардуулах ёслол өчигдөр Бээжин хотын Ардын Их Хурлын ордонд зохион байгуулагдлаа.
Ёслолд БНХАУ-ын нам, төрийн тэргүүнүүд оролцсон ба БНХАУ-ын дарга Си Жиньпин одонг гардуулан өгсөн юм.
БНХАУ-ын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлж 42 хүнд одон гардуулсан бөгөөд үүнээс 6 нь гадаадын иргэн байжээ. Тэдгээрийн дотор Тайландын гүнж Маха Чакри Сириндхорн, Францын Ерөнхий сайд асан Рафарин зэрэг хүмүүс багтжээ.
Энэ үеэр ӨМӨЗО-ны Улаанцав хотын уугуул Дугармаа /Ду Гуй Ма/ гэх настан “Ард түмний үлгэр жишээ” яруу алдрын одонг хүртсэн байна. 1960-аад оны үед Хятадад өлсгөлөн нүүрлэж, амьдрал сайнгүй байсны улмаас тухайн үеийн Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эн Лайн шийдвэрээр Шанхай хотоос 3000 өнчин хүүхдийг ӨМӨЗО руу шилжүүлжээ. Энэ үед 19 настай байсан Дугармаа 28 өнчин хүүхдийг өсгөх үүрэг хүлээсэн байна. Тэрээр бүхэл амьдралаа энэ олон хүүхдийг өсгөхөд зориулжээ.


                                                                                                                                                                                         А.Анхбаяр   

Холбоотой мэдээ