Энэтхэгийн Элчин сайд айлчлалын үр дүнг мэдээллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2019-09-30 19:04:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр, Энэтхэг улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хийсэн айлчлалын үр дүнгийн талаар мэдээлж, хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн түвшинд хүргэх талаар тохиролцсон дээрх айлчлалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Монгол, Энэтхэг орны хамтын ажиллагааны олон чухал зүйлийг шийдвэрлэсэн дээрх айлчлалын үеэр Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын зээлийн шугамаар хэрэгжүүлж буй “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн төсөлд нэмж 236 сая ам.долларын зээл олгох Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Энэтхэгийн тал хүлээн авч санхүүжүүлэхээр болсныг ноён Элчин сайд дурдав.

Тэрээр, “Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтийг хангахад томоохон хувь нэмэр оруулах дээрх төслийн хүрээнд Монголын инженер, техникийн ажилтнуудыг Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр тус улсад сургахаар болсон”-ыг онцолж байлаа. Түүнээс Дорноговь аймгийн нутагт барьж буй Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай хэр танилцаж буй талаар тодруулахад, “Би хоёр удаа газар дээр нь очиж, ажлын явцтай танилцсан. Дэд бүтцийн ажил 90 гаруй хувьтай яваа тул ажил хугацаандаа бүрэн дуусна гэдэгт итгэлтэй байгаа. Удахгүй, Энэтхэгийн Газрын тосны үйлдвэрлэлийн салбарын сайд Монголд айлчилна. Энэ үеэр үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах гэж байна” гэв.

Элчин сайд М.П.Сингх мэдээллийнхээ үеэр, Монголын төрийн тэргүүний айлчлалын үр дүнд Энэтхэг улсын иргэд Монголд ирэхдээ нисэх онгоцны буудал дээр шууд нэвтрэх виз авч байхаар болсон, удахгүй Монголын иргэний агаарын тээврийн нэг компани болох "Хүннү эйр" Энэтхэг улс руу шууд нислэг хийхээр туршиж буй талаар болон манай улсад үйлдвэрлэлийн сургалтын шинэ сургууль-төв байгуулахаар болсон зэрэг таатай мэдээнүүдийг дуулгасан юм. 

Тэрээр мэдээллийнхээ төгсгөлд, Энэтхэгийн үндэсний их удирдагч Махатма Гандигийн мэндэлсний 150 жилийн ой энэ 10 дугаар сарын 2-нд тохиож буйтай холбогдуулан Улаанбаатар хот дахь түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэж, ГХЯ-нд түүхт хүний ойд зориулсан маркны нээлт болох тухай мэдээлж сэтгүүлчдийг урилаа.

 

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ