Онгон сумын ЭМТ-д түргэн тусламжийн машин гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2019-09-29 16:03:22

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус аймагт ажиллах үеэрээ Онгон сумын, сум дундын эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн дуудлагад ашиглах пургон машиныг хүлээлгэн өглөө. 

Автомашины түлхүүрийг сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Б.Батбилэг, жолооч У.Мөнхжаргал нарт гардуулсан юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх түргэний жолоочид тусгайлан баяр хүргэж, ажлын амжилт хүсээд өврөөсөө атга чихэр гаргаж өгсөн нь олны сэтгэлийг татсан үйл явдал болов.

Манай эмнэлэг тойргийнхоо дөрвөн сумын 132 мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, 40 орчим эмч, эмнэлгийн байгууллатын ажилтантай. Тэр ч утгаараа алсын дуудлага их гардаг. Хуучин машины хувьд 2013 онд авсан, зургаан жил ашигласан машин бий. Яваа их учир машины элэгдэл маш их гардаг. Одоогоор машины мотор нь муудаж, зөвхөн сум дотроо болон ойрын зайнд ашиглаж байсан. Энэ өвлийг давж чадахгүй, яана даа гэсэн айдас бид бүхэнд байлаа. Харин асуудлыг шийдэж шинэ машин олгосон Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон аймаг орон нутгийнхаа удирдлагуудад маш их баярлаж байна. Ингэснээр ганцхан манай Онгон сум төдийгүй тойргийнхоо дөрвөн сумын ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуураай, цаг алдалгүй үзүүлэх боломж бүрдлээ хэмээн Онгон сумын, сум дундын эмнэлгийн ерөнхий эмч Б.Батбилэг хэллээ. 

Холбоотой мэдээ