БНТУ руу шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2019-09-26 17:52:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНТУ-ын Засгийн газрын Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах талаарх хоёр талт ажлын багийн уулзалт 2 өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөв.


1995 онд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар хоёр талт уулзалтууд удаа дараа хийж байсан ч өнөөдрийг хүртэл амжилтгүй болж байсан. Тэгвэл энэ удаа хоёр улсын Засгийн газрын төлөөлөл, Иргэний нисэхийн удирдах байгууллагын удирдлагууд оролцсон уулзалт, хэлэлцээр амжилттай болж хоёр улсын эрх ашгийг хангасан нэмэлт өөрчлөлтийг Агаарын харилцааны хэлэлцээрт оруулан санамж бичиг байгуулав. Ингэснээр Монголын агаарын тээвэрлэгч нэмэгдэх, хоёр талаас долоо хоногт тус бүр 3 удаагийн давтамжтай, нийт 800 суудлын хязгаартайгаар, дундын зогсолтгүй шууд нислэг үйлдэх боломж бүрдэж байна. Улаанбаатар-Станбул-Улаанбаатар чиглэлд ийнхүү нислэгийн тоо, суудлын тоо, нислэг үйлдэх авиа компани нэмэгдэж өрсөлдөөн бий болсноор тасалбарын үнэ буурах, Европын орнууд руу нисэхэд цаг хугацаа хэмнэх болон аялалын үнэ хямдрах зэрэг олон боломж бүрдэх юм. Санамж бичгийг хоёр талд нот бичгээр солилцсоноор хэрэгжиж эхэлнэ.


Одоогийн байдлаар зөвхөн Туркийн талаас “Туркиш эйрлайн” авиа компани 7 хоногт 3 удаагийн давтамжтай, 500 суудлын хязгаартайгаар Станбул-Бишкек-Улаанбаатар гэсэн дундын зогсолттой маршрутаар, давуу эрхтэй нислэг үйлдэж байгаа юм.


Агаарын харилцааны хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах хоёр талт уулзалтад Монголын талаас ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Мягмарсүрэн, ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй төлөөлөгчид, Туркийн талаас тус улсын Иргэний нисэхийн удирдах байгууллагын Ерөнхий захирал, ноён Бахри Кесиси тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Холбоотой мэдээ