Өдөрлөгийн үеэр энхийг сахиулагчид ар гэрийнхэнтэйгээ холбогдох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
nandintsetseg@montsame.gov.mn
2019-09-24 14:35:23
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын нээлттэй хаалганы өдөрлөг БХЯ, ХХААХҮЯ-ны хамтарсан Иргэн танд зөвлөе” өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж байна.


БХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгт ЗХЖШ, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Нийслэл, дүүргүүдийн цэргийн штаб болон тус яамны харьяа аж ахуйн нэгж оролцож салбарын бодлого, зорилт, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчилж байгаа юм.


Энэ үеэр иргэд цэрэг татлага, БХИС-ийн элсэлтийн талаар мэдээлэл авч, эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрагдах боломжтой. Түүнчлэн цэргийн ангийн үзүүлэх тоглолт, тусгай зориулалт бүхий техник хэрэгслийг үзэж сонирхон цэргийн хээрийн хоол амталж үзэх боломжтой юм.


ЗХ-ий 310 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Баясгалан: Цэргүүд өдөрт нормын дагуу 3800-4200 ккал илчлэгтэй хоол хүнс хэрэглэдэг. Энэ нь тухайн цэргийн нэг өдөрт зарцуулсан энергийг бүрэн нөхдөг. Өнөөдөр бид зутан, будаатай хуурга, үзэмний шүүс зэрэг цэргийн хоол хүнсийг иргэдэд амтлуулж байна хэмээв.


Өдөрлөгийн үеэр Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад алба хааж буй энхийг сахиулагчдыг ар гэртэйгээ холбогдох боломжоор хангажээ. Тус улсад манай улсын 850 гаруй алба хаагч ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногт ес дэх ээлжийн энхийг сахиулагчид тус улсыг зорих юм.




Холбоотой мэдээ