Нийслэлийн VIII наадмын cпорт явган аяллын тэмцээн болов

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-23 15:32:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн иргэдийн спортын VIII наадмын Спорт явган аяллын тэмцээн өнгөрсөн баасан гарагт боллоо.

Тэмцээнээр “Улаанбаатар - Үндэсний цэцэрлэг хүрээлэн - Богд Хаан уулын зам - Туулын гүүр - Баянзүрхийн товчоо -  Баянзүрх хайрхан - Хар усан тохой - Улаанбаатар” чиглэлээр аялахдаа машинаар 40 км, уулын аяллын А, Б ангиллын 10 км замыг туулжээ.

Спортын 8 төрлөөр 5 үе шаттай болдог энэхүү наадам нь Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлогтой.

Нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 117 баг тамирчин /баг тус бүр 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй/ спорт явган аяллын тэмцээнд оролцохын зэрэгцээ “Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох”, “Байгальд нуувч илрүүлэх”, “Холимог буухиа” /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн 3 төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилттай өрсөлджээ.

1-р байрт Ц.Рэнчинхорлоо дасгалжуулагчтай, Д.Авирмэд ахлагчтай Баянзүрх дүүргийн 5-р хороо

2-р байрт Т.Дэмбэрэл дасгалжуулагчтай Б.Энхбаяр ахлагчтай Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо

3-р байрт Ш.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, С.Энхбаатар ахлагчтай Чингэлтэй дүүргийн 16-р хороо

4-р байрт О.Батсаруул дасгалжуулагчтай, Г.Батбаяр ахлагчтай Налайх дүүргийн 5-р хороо

5-р байрт А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, Ц.Цогт-Од ахлагчтай Сүхбаатар дүүргийн 18-р хороо

6-р байрт Ж.Оюунтуяа дасгалжуулагчтай, Б.Энхбаатар ахлагчтай Хан-Уул дүүргийн 7-р хороо

7-р байрт Д.Чагнаадорж дасгалжуулагчтай, Д.Алтангэрэл ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо

8-р байрт Г.Тэмүүлэн дасгалжуулагчтай, Г.Хүдэрчулуун ахлагчтай Багахангай дүүргийн 1-р хороо

9-р байранд С.Сарантуяа дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Спортын хорооноос мэдээллээ.

Холбоотой мэдээ