Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор 100 гаруй ААН, 3000 гаруй өрх дулаанд холбогдоно

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2019-09-23 08:26:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд суурь “Дэд бүтэц”-ийн ажлыг хийж байна. Одоогоор төслийн эхний үе шат Баянхошуу, Сэлбэ дэд төвд 70 гаруй хувьтай хэрэгжиж байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдөр уг төслийн хэрэгжилтийн явцыг газар дээр нь очиж шалган, үүрэг чиглэл өгч ажиллалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. Төсөл 3 үе шаттай, нийт 9 жилийн хугацаанд 6 дэд төвийн нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Цаашид төслийн II үе шатанд Дамбадаржаа болон Дэнжийн мянга, III үе шатанд Шархад болон Толгойт дэд төвд бүтээн байгуулах ажлууд хийхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.

“Энэхүү төслийн I үе шатны хүрээнд Сэлбэ дэд төв Сүхбаатар дүүргийн 14-р хороонд барьж буй 28Мвт хүчин чадалтай гурван зуух бүхий дулааны станцын барилга угсралтын ажил 50 гаруй хувьтай хэрэгжиж байна. Сэлбэ дэд төвд уг дулааны станцыг барьж ашиглалтад оруулснаар 50 айлын орон сууц, 51-р цэцэрлэг, 35-р сургууль гэх мэт төрийн болон хувийн 100 гаруй аж ахуй нэгж, 3000 гаруй өрх дулаанд холбогдох бүрэн боломжтой болно. Жилдээ 40 мянган тонн нүүрс зарцуулдаг байх тооцоо гарсан байгаа. Барилга угсралтын ажлыг 2020 оны тавдугаар сарын 31-нд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн “Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр төсөл”-ийн дулааны инженер Х.Цолмонбаяр танилцууллаа.

Сэлбэ дэд төвийн хүрээнд өнөөдрийн байдлаар 4.1 км дулааны шугам барихаас 2.8 км, 3.9 км цэвэр усны шугам барихаас 2.6 км, 5.5 км бохир усны шугам барихаас 3.8 км, 3.7 км авто зам барихаас далангийн ажлыг хийж, хучилт хийхэд бэлэн болсон байгаа аж. Мөн ус дамжуулах найман ЦТП барихаас бүгдийнх нь барилгын ажлыг эхлүүлээд дотор заслын ажилдаа оржээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, “Бид хариуцсан ажлаа чанартай гүйцэтгэж байгаа ААН-үүдээ дэмжээд, чадахгүй байгааг нь жагсаалтаас гаргахаар ажиллаж байна. Санхүүжилт дутаж байгаа зүйлгүй, хотоос шалтгаалах асуудал байхгүй тохиолдолд зохион байгуулалтаа сайжруулж ажиллах хэрэгтэй. Гадны нэг компанитай хамтраад тендер авчихдаг. Эргээд хөрөнгө мөнгө, хүн хүчнээсээ болоод маргалддаг байдлаас болоод хотын ажил удааширдаг, ухардаг асуудал байж болохгүй. Цаг хугацаагаа шахаж ажиллах хэрэгтэй. Сарын дараа ахин ирж шалгах болно” хэмээн гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг өглөө.

 

 

Холбоотой мэдээ