Завханд маргааш номын баяр болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-19 23:02:18

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сангаас маргааш “Номын баяр-2019” үйл ажиллагааг зохион байгуулна.

Тус үйл ажиллагааны үеэр уншигчдад үнэгүй карт нээх, шинэ номын үзэсгэлэн гаргах, сурах бичгийн болон шинэ номын худалдааг зохион байгуулах юм байна. Түүнчлэн номонд дуртай, олон номыг аймгийн төв номын сангаас авч ашигласан шилдэг уншигч нарыг ”Явуухулан” тэмдгээр шагнаж урамшуулах ажээ.

Энэ үеэр орон нутгийн зохиолч уншигчдын уулзалт, номын солилцоо худалдаа, уншигчдын дунд “АХА” тэмцээн зэргийг гадна талбайдаа нээлттэй зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээг төв номын сан аймагтаа анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуучууд тэр тусмаа гэр бүлээрээ номын сангаар үйлчлүүлэх боломжийг нээж, англи номын танхимаа сурталчлах зорилготой ажээ.

Өнөөдрийн байдлаар номын сангийн танхимаар байнгын үйлчлүүлдэг карт бүхий 150 гаруй иргэн байдаг байна. Тус номын сангийн электрон катологиор он гарсаар өнөөдрийн байдлаар 320 орчим иргэн үйлчлүүлжээ. Эднийхэн лавлагаа ном зүйн ажлыг орчин үеийн техниктэй хослуулж хэрэглэгчдэдээ үйлчилгээгээ шуурхай хүргэх ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн нь уншигчдыг татаж байгаа аж. Тодруулбал уншигчдад аливаа мэдээллийг олон эх сурвалжаас авах, хэрэгцээт мэдээллийг шууд хэвлэн өгөх, уншигчдад сонирхсон мэдээллийг файл хэлбэрээр өгөх, мөн интернэт ашиглах зэрэг үйлчилгээний шинэлэг хэлбэрийг амжилттай хэрэгжүүлж байна. Хэрэгцээт мэдээллээ файл хэлбэрээр нь 214 хүн авчээ. Энэ жил тус номын сан номын фондоо монгол, англи, орос, төвд хэлээр гарсан 3000 гаруй боть номоор баяжуулжээ.

 Англи номын сарын аянд 60 гаруй хүүхдүүд хамрагджээ

Завханы төв номын сан англи хэл дээрх 3600 гаруй номтой бөгөөд зуны улирлыг англи номын уншлагын сар болгож хэвшжээ.

Энэ хүрээнд аймгийн хэмжээнд иргэд болон оюутан сурагчдад хөнгөлөлттэй үйлчилдэг байна. Тус танхимд англи хэлээр чөлөөт цаг, танин мэдэхүйн, анхан, дунд, дээд шатны сургалтын ном, уран зохиол, багш нарын гарын авлага, сургалтын материалыг тарааж байна. Мөн СD хуурцаг, шинжлэх ухааны ном, төрөл бүрийн сонирхолтой хялбаршуулсан номуудыг танхимаар болон гадуур олгодог байна. Хүүхэд багачуудын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилготой англи хэл дээрх номыг сурталчлах энэ ажлын хүрээнд англи хэлний ярианы клуб хичээллүүлж, анхан болон ахисан шатны сургалтыг хавар, зуны улиралд зохион байгуулдаг. Англи номын уншлагын танхимыг хүүхэд багачуудын шашин шүтлэг, яс үндэс, газар зүйн байрлалаас үл хамааран дэлхий дахинд боловсролын тэнцвэртэй байдал бий болгох зорилгоор анх Монголын Скаутын холбооны дэмжлэгээр байгуулжээ. Өнгөрсөн зуны амралтаар тус танхимд “Номын анд” аяныг амжилттай зохион байгуулж Завхан аймгийн 108 багийн 647 хүүхдийг хамруулсан байна. Харин энэ жил англи номын сарын аянд 60 гаруй хүүхэд хамрагдаад буй ажээ. 

Холбоотой мэдээ