Бүс нутгийн байгалийн нөхцөл, түүх, хэл соёлын талаар хэлэлцэв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-19 15:38:33

Ховд /МОНЦАМЭ/. “Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний түүх, хэл соёл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний XIV хурал Ховд аймагт болж байна.  

Энэхүү хурлыг Ховд их сургууль ОХУ-ын Томскийн их сургуультай хамтран хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Харин энэ удаагийн хурлыг хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх зорилтын хүрээнд МУИС-тай анх удаа хамтран зохион байгуулснаараа онцлогтой.   

Тус хурлын үйл ажиллагаа нь Баруун Монгол, түүний хил залгаа нутгийн судалгааны асуудлаар эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцох, өнөөгийн тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх, цаашдын зорилт, хөгжлийн төлөвлөлтийг орчин үеийн шинжлэх ухаан, технологийн дэвшилтэй холбоход чиглэж байна.

Хуралд ОХУ, БНХАУ, Казахстан, Япон, БНСУ, ХБНГУ болон орон нутгийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, сургуулийн 300 гаруй судлаач илтгэл тавих санал ирүүлжээ. Үүнээс өнөөдрийн хурлаар 160 орчим эрдэм шинжилгээний ажил, түүний  үр дүнгийн талаар  илтгэл  хэлэлцэж байна.

Хуралдаан байгалийн нөхцөл, нөөц, ашиглалт болон биологийн олон янз байдал, экосистемийн хамгаалал, хими технологи ба инноваци, түүх, хэл соёл, угсаатан судлал, боловсрол, нийгмийн асуудал гэсэн таван чиглэлийн дагуу өрнөж байгаа юм. 

Энэ үеэр хурлын үйл ажиллагааны цар хүрээ жил бүр өргөжихийн зэрэгцээ  оролцогчдын тоо нэмэгдэж байгааг албаныхан онцоллоо.   

Холбоотой мэдээ