Японыг худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-18 10:27:22

СӨҮЛ. /Yonhap/. Лхагва гарагт БНСУ худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа Япон улсыг албан ёсоор хассан талаар БНСУ-ын Худалдааны яам мэдээлжээ. Ингэснээр түүхээс үүдэлтэй хоёр орны худалдааны маргаан улам даамжрах төлөвтэй байна.


"БНСУ-ын компаниуд Японд стратегийн ач холбогдол бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлэх зөвшөөрөл авахын тулд гурван бичиг баримт бүрдүүлдэг байсан бол одоо тавыг бүрдүүлэх шаардлагатай болсны зэрэгцээ уг зөвшөөрлийн шийдэгдэх хугацаа 5 хоног байснаас 15 орчим хоног болсон" гэж Худалдааны яамны мэдэгдэлд тэмдэглэжээ


Япон өнгөрсөн долдугаар сараас БНСУ-ын аж үйлдвэрийн гурван чухал материалын экспортыг хязгаарлаж, өнгөрсөн сарын сүүлээр БНСУ-ыг худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаасаа хассан юм.


Үүнээс гадна БНСУ өнгөрсөн долоо хоногт Японы экспортын хязгаарлалтын талаар Дэлхийн худалдааны байгууллагад гомдол мэдүүлсэн хэдий ч уг баримт бичигт Японы худалдааны найдвартай түншүүдийн жагсаалтаас БНСУ хасагдсан талаар дурдаагүй байжээ.


Өнгөрсөн онд Сөүлийн шүүх дайны үеэр албадан хөдөлмөр эрхлүүлсний нөхөн төлбөрийг Солонгосын иргэдэд олгохыг Японы фирмүүдээс шаардсанаас үүдэн Япон хариу арга хэмжээ авж байна гэж олон нийт үзэж байгаа аж.


Японы засаг захиргаа шүүхийн дээрх шийдвэрийг эсэргүүцэж, дайны үеийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг 1965 онд байгуулсан хоёр талын хэлэлцээрээр шийдвэрлэсэн хэмээн үздэг байна. 

Холбоотой мэдээ